Аливаа улс орны нийгмийн амьдралын суурь судалгааны нэг гол үзүүлэлт нь нялхсын эндэгдэл байдаг. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 90-ээд онтой харьцуулахад өнөөдөр нялхсын эндэгдэл буурсан ч анхаарах асуудал олон байгааг судлаачид сануулсаар байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “SAVE LIFE” төслийн III шатны нээлт боллоо. Энэ үеэр хорвоод мэндлэх бяцхан үрээ догдлон хүлээсэн олон  аав, ээжийг хагацал зовлон үзэхээс урьдчилан сэргийлж нярайн эрчимт эмчилгээний тасагт яаралтай эмчлүүлэх, цаг алдалгүй хагалгаанд оруулж амь насыг нь аврах боломж бүрдсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байв.

Эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар 40-50 нярайд хүнд болон хөнгөн хэлбэрийн мэс засалд ордог байна. Улсын хэмжээнд жилд 15 дутуу нярай хүлээн авах хүчин чадалтай байсан уг тасагт өргөтгөл хийснээс хойш 80 дутуу төрсөн хүүхдийг хүлээн авдаг болжээ. Нярайн эндэгдэл, шалтгааны талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш. Энхтөрөөс тодрууллаа.

 “SAVE LIFE” төслийн хүрээнд эрчимт эмчилгээнд хичнээн хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болсон бэ?

Манай эмнэлэг гурав дахь удаагийн тусламжаа авч байна. Өмнө нь талбай багтаамжийн хувьд бага байсан бол өргөтгөж томруулснаар өдөрт 12 хүүхэд хүлээн авдаг байсан бол өнөөдөр нэг дор 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боллоо.

Яаралтай мэс заслыг ганцхан ЭХЭМҮТ-д хийдэг. Бага насны хүүхэд, тав зургаан сартай нярай хошного битүү, улаан хоолойн цоорхой гэх оноштойгоор их ирдэг. Мэс заслын тасагт өдөрт дунджаар 25-30 хүүхэд хөнгөн болон хүнд хэлбэрийн хагалгаанд ордог.

Ганц хоёр цагийн хагалгаанд ордог хүүхэд байхад зургаан долоон цаг үргэлжлэх хагалгаа ч бий. Уржигдар гэхэд бага насны хүүхдэд улаан хоолойг нь орлуулах эрхтэн суулгуулах хагалгаа хийгдсэн. Өөрийн эрхтнээс нь авч улаан хоолойд нөхөн сэргээсэн. Эдгээр хагалгаанд яаралтай мэс заслыг оруулбал өдөртөө 40-өөс 50 хагалгаа тогтмол орж байдаг.  Энэхүү төслийн хүрээнд эмнэлэгийн ариутгал халдваргүйжүүлэлт өмнөхөөсөө илүү сайн болсон.

Нярайн эндэгдлийн гол шалтгааныг тайлбарлавал?

ЭХЭМҮТ-д 44 тасаг нээгдсэн. Энэ тасаг үндэсний хэмжээнд ганцхан байгаа. Жил ирэх тусам бага насны хүүхдүүдэд төрөл бүрийн өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэн. Тус эмнэлгийн тандалт судалгааны алба 2014- 2016 онд улсын хэмжээнд хорт хавдрын 320 тохиолдол шинээр оношлогдсон. Улсын хэмжээнд жилдээ дунджаар 1400 орчим хүүхэд энддэг. ДЭМБ-аас эх хүүхдийн эндэгдлийг дотор нь хоёр хуваадаг.  Сэргийлж болох эндэгдэл. Сэргийлж болохгүй эндэгдэл. Сэргийлж болох эндэгдлээс 2030 онд гэхэд тэглэх зорилт тавина ажиллаж байна. Өөрөөр хэлбэл сэргийлж болох эндэгдэлд амьсгалын тогтолцооны эмгэг, уушгины тогтолцооны хатгалгаа, зам тээврийн болон ахуйн осол гэмтэл ордог. Үүнээс бага насны хүүхдийг сэргийлж болдог.

2018 онд ЭХЭМҮТ-ийн нярайн мэс заслын дараах тасгийг олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц их засварын ажил хийж, тоног төхөөрөмжөөр тохижуулах зорилт тавин ажиллаж байна. Төслийн энэ шатны хүлээлт нь хагалгаанд орох бага жинтэй нярайн хүлээх хугацаа багасч, хагалгааны үр дүн сайжирч, хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах аливаа эрсдэлийг бууруулж, шатуудаас ахисан тооны амь нас аврах боломж бүрдэх юм.

2017 онд 200 гаруй нярайд зориулалтын орчинд, зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс заслууд хийсэн. Энэ хугацаанд хийгдсэн хагалгаанд мэс заслын дараах сэргэлт 72,2 хувь байснаас 10 хувиар нэмэгдэж 82,2 хувь болсон мэс заслын эрсдэлийг бууруулж чадсан үзүүлэлт болжээ.

2016 оны судалгаагаар бага насны 1684 хүүхэд эндсэн. Тэрний 66,6 хувь сэргийлж болох нас баралт байсан. Жилдээ 200 орчим хүүхэд осол гэмтлийн улмаас цаг бусаар хорвоог орхидог.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн