Турк сургуулийн ерөнхий захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг өчигдөр өглөө гэрээс нь үл таних этгээдүүд хулгайлсан хэрэг гарсан. Тухайн өдөр Турк улсаас ирсэн Онцгой элчин сайдын онгоц гэгдэх “ТТ4010 Challanger 604” маркийн 14.00 цагт газардаж, 18.00 цагт хөөрөх ёстой байсан ч онгоц нутаг буцаагүй байв. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нар хүрэлцэн ирсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Чингис хаан ОУНБ-д УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс ажиллаж, онгоц хяналтад байгаа гэдгийг хэлсэн юм.
Ингээд Вейсел Акчайг баривчилж авч явахаар Улаанбаатарт газардаад байсан Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц өчигдөр оройн 21:24 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрсөн юм. Шөнийн 01.40 цагт Вейсел Акчайг Шүүх эмнэлгээс гаргав. Тэрээр “Би зүгээр ээ. Хэргийг шалгаж байна. Та нартаа баярлалаа. Намайг ямар хүмүүс авч явсныг мэдэхгүй, хэргийг шалгаж байгаа” гэснээр Эрүүгийн цагдаагийн албаныхан түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр авч явсан юм. Тэрээр ийнхүү чөлөөтэй болсныхоо дараа болсон явдлын талаар дурдаж, монголчуудад баярласнаа илэрхийлсэн бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ.
Уг бичлэгт тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад, над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гараас минь барьж сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.
Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн хэлжээ.
Энэ бичлэг дэлхий даяар түгж байгаа бөгөөд бусад улс оронд байгаа турк багш нар төдийгүй иргэд “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархал илэрхийлж, Монгол Улсын ардчилал дэлхийд хүчээ харууллаа хэмээн сэтгэгдлээ бичсээр байна.