Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны сан цагдаагийн тодорхойлолтыг олгохдоо зөвхөн визэнд орох иргэдэд материалыг нь үндэслэн олгож байсан. Энэ сарын 01-нээс иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх цагдаагийн тодорхойлолтыг ямар нэг хязгаарлалтгүйгээр олгож эхэлжээ. Тодорхойлолтыг иргэний бичиг баримт, 500 төгрөгийн хураамж төлсөн баримтын хамт авч очиж авах боломжтой. Мөн гадаад улсад ажиллаж, сурч байгаа хүмүүсийн тодорхойлолтыг итгэмжлэлээр өгөх боломжтой юм байна. Ялтай эсэх лавлагааг цагдаагийн газар, хэлтсүүдээр олгож эхэлжээ.
Өмнө нь үйлчилж байсан заавраар иргэн болгонд цагдаагийн тодорхойлолтыг олгохгүй, зөвхөн гадаад улсын Элчин сайдын яамд гадаадад зорчих виз хүссэн иргэдийн бүрдүүлсэн материалыг үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгодог байсан. Энэ нь багагүй ачаалал, чирэгдэл үүсгэж иргэдийг бухимдуулдаг байв.