Өвдсөн, сэтгэл хямарснаас бусад үеийн зүүдийг шинждэг. Үдшийн гурван хувьд зүүдэлвэл урьдын явдал, шөнө дундын гурван хувьд зүүдэлвэл, шулмас, мангасын бааш мэх, харин үүрийн гурван үед зүүдэлвэл тодорхой байдал мөн тул шинжигтүн. Муухай, эсвэл сонин хачин юм зүүдлээд сэрсэн хойноо сэтгэл уужирвал буяны үр магад гарах. Сэрсэн цагт сэжиг төрвөл нүглийн үр гаргах. Аймаар зүүд нь шулмасын бааш.
Ахин дахин зүүдэлвэл тарнич хийгээд найман аймгийн хүний бааш мэх болой. Сайтар ажиглан, бэлгэ төгөлдөр ялгагтун. Уулын орой өөд авирч зүүдэлвэл зэрэг дэв ахих. Нар тунгалаг мандаж байна гэж зүүдэлвэл жаргалан бүрдэх. Сайхан хувцас өмсч буйг зүүдэлвэл хүндлүүлэх. Хуяг өмсч байна гэж зүүдэлвэл өвчин, адад үл дийлдэх. Гоёж байна гэж зүүдэлвэл яруу алдарыг олох. Ус гатлаад цаана нь амар мэнд хүрэв хэмээвэл санасан бүтэх.
Амтат идээ, умдаа олов, хүндлэгдэв, хэмээвэл зэрэг дэвших. Номын хүн дэвтэр, ном олов, нисэв, үр жимст мод өөд авирав, сайхан цэццрлэгт очив, хөгжмийн зэмсэг дуугарав, илд болон эрдэнэ атгав, гоёл чимэг зүүв гэж зүүдэлвэл буяны үр дэлгэрэх машид сайн. Сайхан хүү, охин мишээв, цэцэг үр жимс, идээ умдаагар дайлуулж байна хэмээн зүүдэлвэл эрдэм ухаан улам дэлгэрэхийн дохио мөн. Арвин хур бууж, түүнд өртөв, гэнэт ус урсах, ус гатлах, загас жараахай үзэв хэмээн зүүдэлвэл олз омог зузаарахын шинж болой.
Цасан шуурга, намаг балчиг туулах, живэх, бузар газар очих, нүгэл хийх, морь үхэр мэтийг нүцгэн зайдлах, өмхий хувцас зэргээр зүүдэлвэл самуурахын ёр мөн.
Уйлах, толгой, нүцгэн тольдох, захгүй хувцас өмсөх, хээгүүр тэнэх нь гаслан болохын ёр.
Мэс, суманд өртөх, цэрэгт хөөгдөх, гал усны аюулд өртөх, жалга гуунд толгой хорогдох нь хараал хүрэхийн ёр. Хүлүүлэх, шороонд даруулах, бие толгой салах, нь чөтгөрийн хорлол. Хүүхэд, үнэг болбоос албины хорлол. Гүрвэл могой лус, савдаг зүүдэлвэл лусын бааш. Мангас, илжиг бич, муур, морь, зүүдэлвэл хан адын бааш мөн. Алс газар одох хүн шүд унаж байна хэмээвэл явдалд саад учрахын дохио.
Зүүд тайлаасаа болдог гэсэн үг байдаг тул зүүдийг амны бэлэг муутай хүнд хэлдэггүй. Унтахдаа “АОМ ЛАМА ЯДАМ ГОНЧИГСҮМ ЛА ЖАВ СҮ ЧИО” хэмээн гурван эрдэний залбирлыг хорин нэгэн удаа чин сүсгээр уривал муу зүгийн юмны хорлолд үл автах болой.
Эх сурвалж: Buddha.mn