“Гэрэлт гудамж”-ны шинэ загвар өчигдөр орсон түр зуурын усархаг борооны ая даалгүй өнгө нь урсаж алга болжээ. Энэ долоо хоногт шатрын хөлөг шиг будаж өнгө оруулсан ч олон хүний инээдийг хүргэсэн. Иргэд “дэлхийн хаана ч байхгүй тэнэг загвар”, “Хотын удирдлагууд бид нараар шатар нүүлгэж тоглох гэж байна” гэх зэргээр ёгтолж сэтгэгдлээ илэрхийлж байв.
Сүүлийн үед залуусын архидан согтуурах газар болсон гэх шүүмжлэл дагуулаад байгаа “Гэрэлт гудамж”-ийг Нийслэлийн удирдлагууд өнгө оруулах гэж уг нь хичээсэн бололтой. Гэрэлтүүлгийг нь нэмж, зам талбайг нь будсан ч нэг өдрийн бороо гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь харуулчих шиг боллоо.