Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өчигдөр мөндөр орж үер буужээ. Тус багийн “Салхин сэнс” буюу сумын төвөөс урд зүгт 23 км-т 16:30-16-40 цагийн хооронд орсон үерийн улмаас “Хондо Пит” загварын суудлын автомашинтай хоёр зорчигч үерт автсан байна. Мөн “Эхэн хадан-Ус” гэдэг газар нэг хүн мотоциклтой зорчиж яваад үерийн усанд боогдсон тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нэг автомашинтай ажиллаж суудлын автомашинтай зорчиж явсан иргэн 54 настай, эмэгтэй Б, 4 настай, эмэгтэй А нарыг 18:47 цагт, мотоциклтой зорчиж явсан 15 настай, эрэгтэй Ө-г, 21:14 цагт тус тус аюулгүй газарт гаргасан байна.