Бөөгийн шашинг уг нь монголчуудын унаган шүтлэг гэж үздэг. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн мөнх тэнгэр, онгон байгаль, газар ус, өвөг дээдсээ тахин шүтдэг нь бөөгийн шашны мөн чанар гэдэг. Мөнх тэнгэрийн сургааль бол нүүдэлчин соёлоор дамжиж, үеэс үед уламжлагдан ирсэн өв соёл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бөөгийн ямар ч хэлбэр байсан тэднийг нэгтгэдэг мөн чанар нь хүн байгалийн шүтэлцээ, харилцаа холбоо гэдэг билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэхүү шашны урсгалыг мөнгө, бизнестэй холбох нь цагаандаа гарсныг өөрсдөө ч шүүмжилдэг юм.
Өнөөдөр манай улсад бөөгийн 100 орчим байгууллага, 20 гаруй мянган бөө байгаа гэсэн албан судалгаа байдаг гэнэ. Гэхдээ бараг л айл бүрт нэг бөө төрж байгаа нь энэ тоог хэд дахин нэмж мэднэ. Бөөгийн шашин уламжлалт, орчин цагийн бөө гэсэн хоёр дэг жаягаар хөгжиж байна. 1990 оноос хойш хүчээ авч байгаа орчин цагийн бөөгийн урсгалд урьд өмнө нь байгаагүй зохиомол дэг жаягууд гарч ирж байгаа нь байгалийн унаган байдалд зарим тохиолдолд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тухайлбал, уламжлалт бөөгийн ёсонд овоонд тахилга өргөхдөө шатааж өргөдөг бол одоо тэр чигт нь орхиж, байгаль орчныг бохирдуулж байна. Түүнчлэн зохиомол дэг жаягийн золиос нь дээр хэлсэнчлэн зэрлэг амьтад юм. Уг нь бөөгийн ёсонд ан амьтнаа дээдлэх ёсон маш чухал байдаг.
Тэдний уналга гэж нэрлэдэг амьтдын шүтээнд баавгай, могой, хун, бүргэд, шонхор гэх мэт багтдаг. Гэтэл өнөөдөр өөрсдийн шүтээн буюу уналга болсон амьтдаа хядаж, устгах үйл хэргийг захиалж, мөнгө төлж байгаа нь шашин шүтдэг, шүтдэггүй хүн бүрийн ойлгохгүй асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, энэхүү шашны мөнх хөх тэнгэрийн дор онгон байгалиа хадгалах мөн чанар нь улам гажуудах болов.
БОР ГӨРӨӨС, ХАЛИУН БУГА БӨӨГИЙН ЗАХИАЛГААР ДУУСАХ ВИЙ
Бөө нь дээл, малгай, гутал өмсөхөөс гадна хэц хуур, хэнгэрэг, цохиур, толь, таяг сэлтийг хэрэглэдэг. Дээлээ хуяг гэж нэрлэдэг бөгөөд бөөлөх үед үүсэх элдэв янзын дайрлага муу юмнаас хамгаалах утгаар хэрэглэдэг байна. Эрт үед бор гөрөөс, зээр, ямааны элдсэн арьсаар хуягаа хийдэг байж. Хэрэв эртнээс уламжилж ирсэн энэ уламжлалаа дагавал илүү хүчирхэг гэж үздэг нь өнөөдөр манай улсын ховор амьтдын тоонд ордог бор гөрөөс, халиун бугыг дуусгахад томоохон нөлөө үзүүлэх бизнес болж хувираад байна. Мөн бөөгийн малгайг улаачид залагдан ирж буй онгод тэнгэрийн тэргүүн хэмээн үздэг. Нүүр самалга, малгайн өд, хараа, чих зэргээс бүрдэнэ. Малгайдаа шар шувуу, бүргэд, сойрын өдийг хатгадаг бөгөөд өдний тоо нь шавийн тоо болон удам угсааны үеийн тоог илэрхийлдэг байна. Бүргэд, шонхрын өд харьцангуй үнэтэй тул нөмрөг тасынхаар орлуулах нь элбэг. Зах дээр нэг ширхэг нь 3-10 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг.
Бас нэгэн чухал хэрэгсэл нь хэнгэрэг. Гурав, зургаа, есөн талтай байдаг. Чоно, баавгай шиг хүч чадалтай, буга, согоо шиг төгс төгөлдөр байхыг бэлгэдэж эдгээр амьтдын арьсаар хийдэг уламжлал байдаг гэнэ. Харин буриад бөө нар улаан ямааны арьсаар хэнгэргээ татдаг. Ямааны арьсаар хийсэн хэнгэрэг 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол согооны арьсан хэнгэрэг нь 500 мянгаас эхэлдэг гэж захын наймаачин бидэнд хэлсэн юм. Сүр хүчийг улам нэмэхийн тулд зарим бөө нар чоно, үнэг, бүргэд, тас, баавгайн чихмэлийг захиалж хийлгэдэг байна. Өөрөөр хэлбэл, уналга болсон амьтдаа хажуудаа амьд мэт залах нь тэдэнд сүр хүч өгдөг бололтой. Тус тусын жаяг, онгодынхоо зааврын дагуу тухайн амьтны арьс, өдийг эдлэл хэрэглэлдээ багахан хэмжээгээр оруулаад бусдыг нь хиймэл зүйлээр орлуулах бүрэн боломжтойг зарим бөө хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, амьд байгальд чиглэсэн энэхүү шашны туйлшралаас өөрсдөө сайн дураараа татгалзах хэрэгтэй байгаа юм. Олон зууны турш уламжлан ирсэн өв уламжлалаа дагах шашны зан үйлийг буруутгах гэсэнгүй, буруутгаж ч чадахгүй. Харамсалтай нь мөнгө улаан, нүд цагаан орчин үед шашныхаа мөн чанар, итгэл үнэмшлийг уландаа гишгэн байж авч явах уу гэдэг нь бодох л асуудал.
Экспертийн үг
Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн: АМЬТНЫ ЭД ЭРХТЭН ХАДГАЛАХ БАЙР БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Хэдийгээр шашны зан үйл боловч орчин үед зарим уламжлалууд цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөөд аль болох эх дэлхийдээ халгүй болж эхэлж байна. Тиймээс амьтдын өд савар, хумс, соёл, шүд, гавал зэрэг эд эрхтнийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Үүнийг нийтэд сурталчилмаар байгаа юм. Өнгөрсөн жил холбогдох байгууллагуудтай явж шалгалт хийхэд “Бид алаагүй. Хөдөө үхчихсэн байсан” гэх мэт хариулт хэлж байсан. Тэгэхээр манай мал эмнэлэг, мэргэжлийн хяналтынхан сайн ажиллах шаардлагатай байгаа юм. Энэ салбарт хүний нөөц дутагдалтай нь үнэн. Урсгалынхаа онцлогоос болоод зайлшгүй хэрэглэх шаардлагууд ч байдаг байх. АНУ-д үүнийг яаж шийдсэн бэ гэхээр Денверийн Рокки ууланд “Загас ба ан агнуурын холбоо” гээд амьтны эд эрхтэн хадгалах төв байр байдаг. Тэнд өнцөг булан бүрээс хураагдсан эд эрхтэн, арьс, үсийг төвлөрүүлдэг. Шашны болон бусад чиглэлээр зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүмүүс нь тэндээс, мэргэжлийн хүмүүсээс нь авдаг. Манайд уламжлалт соёл, амьтны эрх гээд хоёр талаа хүндэтгээд ийм төв байгуулчихмаар байгаа юм.
Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан: УЛАМЖЛАЛТ БӨӨД АМЬТНЫ ЧИХМЭЛ АШИГЛАДАГ ЁС БАЙХГҮЙ
-Орчин цагийн бөө 1990 оноос маш хүчтэй дэлгэрсэн. Нэг хэсэг нь бизнестэй холбож чадсан байна. Өөрөөр хэлбэл, энэ урсгал дотроос шинээр юм сэдэж гаргах, зохиомол жаягууд үүсч байна. Жишээлбэл, амьтны чихээс хийж байрлуулах гэх мэт асуудал гарч байна.
Уламжлалт бөө шүтлэгийн түүхэнд ялангуяа чихмэл хийж байрлуулах асуудал бараг байгаагүй. Үүний цаана ан амьтанд аюул учруулах, байгаль дэлхийгээ сүйтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс бид уламжлалаа хөгжүүлэх, судлах, байгалиа хамгаалах маш чухал шаардлагатай байна. Орчин цагийн бөөгийн багш нар элдэв зүйл шинээр сэдэж гаргадгаа болих хэрэгтэй. Ан амьтнаа дээдлэх ёсон манай шүтлэгэд маш чухал. Манай логоны бэлэгдэлд ч харагдаж байгаа. Уналгаа шүтэж амьдрах ёстойгоос биш өөрсдөө устгана гэдэг байж болохгүй л дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
Жинхэнэ бөө хүн бол маш чадварлаг сэтгэл сайтай бх ёстой гсн. 10 жилийн өмнө танилуудаас минь нилээн олон хүн бөө болоод угаа авсан бсн одоо ихэнх нь болисон байхын яагаад тэр вэ??!!!