БНСУ-ын сөрөг хүчний улс төрч Ро Хое Чан амьдардаг байрныхаа 17 давхараас унаж амиа хорложээ. Тэрбээр олон нийтийн дунд “Ноён нэр цэвэр’ гэх нэрээрээ танигдсан нэгэн ч хууль бус санхүүжилт авсан нь ил болсноос өндрөөс үсэрчээ. Байрны жижүүр түүний цогцсыг өглөөний 9.30 цагт Намсан таун цогцолбор хорооллын 13-р байрны өмнөх талбайгаас олсон ажээ. Цагдаа нар 17 давхараас түүний хүрмийг олсон бөгөөд халаасанд нь түрийвч болон талийгаачийн бичсэн зурвас байжээ. Талийгаач ар гэрээсээ уучлалт гуйгаад бусдаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхдөө хууль бус ажиллагаануудтай ямар ч холбоогүй гэдгээ бичсэн байсан гэнэ.
Ро-г 2016 онд Друкинг гэх онлайн нэрээрээ алдаршсан улстөрийн блогчноос 50 сая вон авсан хэргээр шалгаж байсан юм. Удалгүй нотолгоо олоогүйн улмаас түр хугацаанд хаасан ч Ха Ик Бум прокурор нотолгоо олсныхоо дараа хэргийг энэ онд дахин нээхээр болоод байсан юм байна.