Оросын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тэргүүн Дональд Трамп нар Хельсинкт олон улсын олон талт форумын хүрээнээс гадуур анх удаа уулзсан тухай РИА Новости ийнхүү мэдээллээ. Хоёул дангаар хийсэн тэдний яриа хоёр цаг арван минут үргэлжлэв. Америкийн лидер уулзалт дөнгөж дуусмагц сайн боллоо хэмээн үнэлэв. Оросын болон Америкийн төлөөлөгчид оролцсон ажил хэргийн зоог барихын өмнө Трамп “Энэ бол сайн эхлэл. Энэ бол бүгдийн хувьд сайн эхлэл” гэжээ. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийсэн хэлэлцээний дараа төрийн тэргүүнүүд хамтарсан хэвлэлийн хурал хийв.
“ХҮЙТЭН ДАЙН ДУУССАН”
Эхлээд оросын лидер үг хэлэв. Тэрээр хэлэлцээ нээлттэй, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай, үр ашигтай болж өнгөрснийг онцлов. ОХУ, АНУ-ын харилцаан дахь хүндрэл бэрхшээл, түгшүүртэй уур амьсгалд бодит шалтгаан байхгүй хэмээн Путин мэдэгдээд хүйтэн дайн аль эрт дууссаныг сануулав. “Хоёр орон үзэл суртлын хувьд хурцаар сөрөн зогсч байсан цаг үе тэртээ хол улиран одсон, дэлхий дахины нөхцөл байдал үндсэээрээ өөрчлөгдсөн” хэмээн Путин тэмдэглэв. Оросын Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар Москва, Вашингтон өнөөдөр өөр сорилтуудтай тулгараад байна. Тэдгээрийн дотор олон улсын аюулгүй байдлын механизмуудыг тэнцвэржүүлэх, мөн терроризмын аюул газар аван ихэсч байгаа явдал орно. Эдгээр асуудлыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх тухай ойлголцолд ОХУ, АНУ хүрнэ гэдэгт найдаж байгаагаа Путин илэрхийлэв. Трамптай хийсэн хэлэлцээгээр хоёр орны харилцааг эрүүл болгох анхны алхмуудыг товлох бодолтой байгаагаа тэрээр мөн мэдэгдэв.
ЮУГ ТОХИРОЛЦОВ
Орос, Америкийн тусгай албад амжилттай хамтран ажиллаж байгаа жишээг Оросын ерөнхийлөгч онцолж дурдав. “Шив шинэхэн жишээ бол дөнгөж өчигдөрхөн ОХУ-д өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрээнд аюулгүй байдлын салбарт Америкийн шинжээчдийн багтай шуурхай нягт хамтарч ажилласан явдал” хэмээн Путин онцлоод стратегийн аюулгүй байдал, үй олноор хөнөөх зэвсэглэлийг түгээн дэлгэрүүлэхгүй байх талаар АНУ-тай хамтарч ажиллах өөрсдийн саналаа оросын төлөөлөгчид дамжуулж өгсөнийг тэрээр мэдэгдэв. Цаашдаа цэрэг-улс төр, зэвсэглэл хураах асуудлыг бүхэлд нь цогцоор авч үзэж боловсруулахын тулд хамтран ажиллах шаардлагатай байна хэмээн Ерөнхийлөгч Путин онцлов. Террорын эсрэг ажлын хэсгийг сэргээн байгуулах саналыг АНУ-д тавьсан хэмээн Путин өгүүлэв. “Тусгай албадын шугамаарх холбоо харилцааг ул үндэстэй болгох нь ашигтай” хэмээн тэрээр онцлов.
СИРИ БА ИЗРАИЛЬ
Сирийн асуудалд Оросын лидер онцгой анхаарал хандуулав. Түүний хэлснээр Сири дэх хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд Москва болон Вашингтон манлайллыг өөртөө хүлээж авах боломжтой ажээ. Үүнээс гадна Оросын болон Америкийн цэргийнхэн үйл ажиллагаагаа харилцан зохицуулснаар Сирид аюултай сөргөлдөөн гаргахгүй болгож чадсаныг Путин сануулав. Сирийн баруун өмнөд хэсэгт террористуудыг нэгмөсөн устгасны дараа Голаны өндөрлөгийн нөхцөл байдлыг израиль, сирийн цэргийг тусгаарлах тухай 1974 оны хэлэлцээрт бүрэн дүүрэн нийцүүлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэв. Энэ нь түүний хэлснээр Голаны өндөрлөгт амгалан тайван байдлыг дахин бүрдүүлж, Сири, Израилийн хооронд гал зогсоох дэглэмийг сэргээж, улмаар Израилийн аюулгүй байдлыг найдвартай хангах ажээ.
ИРАНЫ АСУУДАЛ
Дунд болон ойрын зайн пуужинг устгах тохиролцооны биелэлтийн асуудлыг Трамптай хэлэлцсэн тухай Путин онцлов. “Стратегийн давшилтын зэвсгийн тухай Гэрээний хүчинтэй хугацааг сунгах, пуужингаас эсэргүүцэн хамгаалах америкийн глобал системийн элементүүдийг хөгжүүлж байгаагийн эргэн тойрон дахь аюултай нөхцөл байдал, Дунд болон ойрын зайн пуужинг устгах тухай гэрээний биелэлт, сансарт зэвсэг байршуулах сэдэв” зэргээр хэлэлцсэн асуудлыг Путин дурдав. Үүнээс гадна Ираны цөмийн тохиролцооноос АНУ гарсанд ОХУ санаа зовниж байгаа талаар Трамптай хэлэлцсэн талаар ерөнхийлөгч өгүүлжээ. Мөн түүнчлэн тэр Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулахад хийсэн амжилттай алхам, энэ асуудалд Трамп өөрийн биеэр идэвхтэй оролцсоныг онцолсон байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Оросын лидер эдийн засгийн асуудлыг ч Трамптай хэлэлцсэн ажээ. Хоёр орны бизнес үүнийг сонирхож байгааг тэрээр онцлов. Оросын болон Америкийн бизнесийн ахлагч нарыг нэгтгэсэн хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар Америкийн ерөнхийлөгчтэй тохиролцосноо Путин мэдэгдэв. Хоёр орны хооронд байгууллагуудын шугамаарх болон соёлын харилцааг гэсгээх цаг болсныг Путин мөн онцлов. Үүнээс гадна Оросын ерөнхийлөгч хоёр талын харилцааг урт хугацаанд хэрхэн байлгах талаар философийг тунгаан бодохыг Трампад санал болгожээ. Тэрээр “Бид сайн ярилцлаа” төрийн тэргүүнүүд бие биеэ илүү сайн ойлгодог болсон гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Анхны бүрэн хөтөлбөртэй уулзалтад бүхэлдээ сэтгэл хангалуун байна хэмээн Путин мэдэгдэв.
НЭЭЛТТЭЙ, ҮР АШИГТАЙ ЯРИА
Үүний дараа Америкийн ерөнхийлөгч үг хэлэв. “Манай орнуудын хувьд маш чухал өргөн хүрээний асуудлаар би дөнгөж сая Ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийж дууслаа. Бидний шулуухан, нээлттэй, маш үр ашигтай яриа өрнүүллээ” Трамп өгүүлэв. Тэрээр Москва, Вашингтоны яриа хэлцээ АНУ, ОХУ-ын хувьд ч, нийт дэлхий дахинд ч чухал гэдгийг онцлов. Дэлхий дахинд нөхцөл байдлыг сайжруулах арга замыг эрж олохыг хүсч байгаа бол хамтарч ажиллах боломжийг улс орнууд хайж олох ёстой хэмээн Америкийн ерөнхийлөгч мэдэгдэв. Путинтэй хийсэн уулзалтыг Трамп Москва, Вашингтон хоорондын харилцааны эргэлтийн мөч хэмээн нэрлэв. “ОХУ-тай бидний харилцах харилцаа урьд өмнө хэзээ ч одоогийнх шиг ийм муу байгаагүй. Амар хялбар юм гэж байхгүй, гэхдээ уулзах боломжийг үгүйсгэхээс энэ нь илүү дээр. Энх амгалан, тогтвортой байдалд хүрэхийн тулд улс төрийн эрсдлийг өөртөө үүрэх нь илүү дээр” хэмээн тэрээр өгүүлэв. Трамп “Улс төрийн бодлогын төлөө энх амгалангаар дэнчин тавьснаас энх амгалангийн төлөө улс төрийн эрсдэл гаргах нь надад илүү дээр” хэмээгээд Хельсинкт хэлэлцсэн бүх асуудлыг АНУ, ОХУ шийдэж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
СОНГУУЛЬД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦСОН ТУХАЙ
2016 оны Америкийн сонгуульд ОХУ “хөндлөнгөөс оролцсон” гэх асуудлыг Путинтэй хэлэлцсэн талаар Америкийн ерөнхийлөгч өгүүлээд кибер аюулгүй байдлын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай Путины саналыг сонирхолтой санаа хэмээн нэрлэв. “Энэ асуудлыг хэлэлцэхэд бид их цаг зарцуулсан” хэмээн Трамп мэдэгдэв. Түүний хэлснээр Америкийн тал энэ асуудалд санаа зовниж байгаад Путин “өөрөө бүрэн итгэж байгаа болохоор маш итгэлтэй”-гээр хариулсан ажээ.
Эх сурвалж:
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин