Дарс үйлдвэрлэгч Япон хосыг Францад оршин суух эрхийг гурван сараар сунгалаа

Францын өмнөд нутагт усан үзмийн тариалан эрхэлж, үйлдвэрлэсэн улаан дарс нь амжилт авчраад байгаа Япон хосыг нутаг буцаах шийдвэрийг Францын цагаачлалын алба гаргасан нь олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тэдний үйлдвэрлэсэн органик дарс тэр дороо алдаршиж, анхны ургацын бүтээгдэхүүн нь богино хугацаанд зарагдаж дууссан байна. Гэвч Пиреней-Ориенталь нутагт суурьших хүсэлтийг нь цагаачлалын алба фермерийн аж ахуй эрхлэхэд хангалттай орлого олоогүй гэсэн шалтгаанаар буцаажээ.

Дараа нь Францын дарсны хорхойтнууд, мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид, томоохон ресторануудын эзэд зэрэг 50,000 гаруй хүний гарын үсэгтэй эсэргүүцлийн захидал илгээсний улмаас шийдвэр өөрчлөгдсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 42 настай Рие Шожи (эхнэр), 38 настай Хирофуми Шожи (нөхөр) нарын бизнес үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, судлах зорилгоор оршин суух эрхийг нь гурван сараар сунгажээ.

Энэ хугацаанд дахин нухацтай судалсны дараа тэдний оршин суух эрхийг урт хугацаагаар сүнгах юм байна. Япон хос 2011 онд Францад ирснийхээ дараа дарс үйлдвэрлэх аргад суралцаж байгаад 2016 онд гэрлэж, Пиреней-Ориентальд 3.5 гектар усан үзмийн талбай худалдаж авсан юм. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд оршин суух визээ сунгуулах гэхэд фермерийн аж ахуйн сарын дундаж орлого нь 2,000 еврогоос бага гэсэн шалтгаанаар Францаас албадан гаргах шийдвэр гарчээ.

Шожигийн гэр бүлийг Францад үлдээхийн тулд ажиллаж байгаа өмгөөлөгч Жан Кодоне цагаачлалын албаныхантай хэлэлцээр хийж байгаа юм. Тэр “Цагаачлалын албаныхан миний үйлчлүүлэгчээс яагаад Францын дарс, соёлд дурлах болсныг нь асуухад ноён Шожи өөрийгөө Токиод нэрт франц тогооч Алан Дукассын удирдлагад ажиллаж байснаа хэлсэн. Түүний энэ хариулт оршин суух эрх авахад нь туслана гэж найдаж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: AFP

One thought on “Дарс үйлдвэрлэгч Япон хосыг Францад оршин суух эрхийг гурван сараар сунгалаа

  1. з 2018-07-10 17:03 at 17:03

    өөртөө итгэх итгэл нөлөөлдөг байхдаа

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн