АНУ, Вьетнам улсууд 1970-аад оны үед дайтаж байгаад 1995 оноос эхлэн харилцаагаа хэвийн болгосон. Сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр талын худалдааны хэмжээ 8,000 хувь өсчээ.
Нэгэн үед дайснууд байсан ч АНУ-тай түншилсний үр дүнд хөгжиж байгаа Вьетнамын эдийн засгийн загварыг хэрэгжүүлэх саналыг Хойд Солонгосын эрх баригчдад тавьснаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ням гарагт мэдэгджээ.
Тэрбээр Ханойд болсон АНУ-Вьетнамын бизнесийнхний уулзалтад үг хэлэхдээ “Нэгэн цаг үед төсөөлөхийн аргагүй байсан хөгжил дэвшил, түншлэлийг бид өнөөдрийн Вьетнамаас харж байна. Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгос энэ замаар явах боломжтой гэж итгэж байгаа гэдгийг би Ким Жон Ун даргад хэлсэн” гэж ярьсан байна.
“Хэрвээ та нар энэ боломжийг ашиглавал гайхамшиг танайх болно. Удирдагч Ким Жон Ун Хойд Солонгосын баатар болж дурсагдана” гэж Помпео нэмж хэлжээ. Тэр цөмийн зэвсгийг хураах асуудлаар Пёньянд айлчилсныхаа дараа Вьетнамд айлчилж, тус улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд нартай уулзсан юм.
Хойд Солонгосын дэглэм цөмийн зэвсгээсээ ангижирсны хариуд олон улсын хоригоо цуцлуулж, эдийн засгаа өөд нь татах хүсэлтэй байгаа. Гэвч Пёньянд болсон сүүлийн уулзалтын дараа Хойд Солонгосын хэвлэл АНУ-ыг хэт нэг талыг барьсан, “дээрэмчин” маягийн санал тавьсан хэмээн харамссан байна. Харин Майк Помпео уулзалт үр дүнтэй болсныг мэдэгдсэн юм.