Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд тиймдээ ч төр засгийн бодлого үйл ажиллагаа монгол хүн бүрийн хүчин чармайлт үүнд чиглэгдэж байдаг. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм.
Харь гүрний колонид хоёрзуун жил болж бараг устаж үгүй болдгийн даваан дээр хорин нэгэн онд арай чүү тусгаар тогтнолтойгоо залгасан бид энэ дэлхий дээр дахин шинээр мэндэлсэн Аавын хайрт удам залгах цорын ганц хүүтэй адил өсөн торнисоор нас сүүдэр маань 97 жилийг зооглож байна. Монгол төр түмэн хэдэн мянган жил оршин тогтнохдоо Мандан бадрах, Манжийн дарлалд ч орох гээд унаж босож явсан түүхтэй ч хорин нэгэн оноос хойш бид хэнд ч эзлэгдээгүй дарлагдаагүй боолчлогдоогүй авч үлдсэн тусгаар тогтнол маань бидний оршин тогтнох амин сүнс үргэлж дэвжин дээшлэхийн үндэс суурь мөн.
Хорин нэгэн онд бид тусгаар тогтнолоо гарз хохирол багатайгаар ганц шөнийн дотор олж чадсан бол өнөөдөр уйгур курд палестинчууд эхийн хэвлийд дунших хүүхэд мэт энэ дэлхийн хэвлийгээс амьд төрөх эсэхээ мэдэхгүй зуун жил тусгаар тогтнолынхоо төлөө тулалдан байлдаад ч авч чадахгүй байгаа нь Баруун, Зүүн нь, Орос, Америк нь ч ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаядагтай холбоотой.
Харин бидний ахмад үе маань ардын хувьсгалаар олсон шинэ эмзэг тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж дөчин жил нойр хоолгүй зүтгэж, түүний дотор Алтайн нуруунд алалцаж алтан амиа алдаж, Халх голд тулалдаж халуун цусаа урсгаж, Сталины дохио зангаагаар долоон зуун сүм хийдээ ламтай хүйтэй шатаан байж асар их үнэ цэнээр баталгаажуулж, албан ёсоор 1961 онд НҮБ-д элсэж дэлхийн бүх улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
Өнөөдөр бид Монгол Финланд Куба зэрэг олон улс түмнийг дарлалаас чөлөөлсөн хорьдугаар зууны дэлхийн коммунизмыг харааж ерөөх ч яахав, харин хойч үедээ тусгаар тогтнолыг асар үнэ цэнээр авчирсан ахмад үе, үндэсний лидерүүддээ талархаж нэр төрийг нь сэргээж хөшөө дурсгалыг нь мөнхжүүлж, залуу хойч үеээ эх оронч үзлээр хүмүүжүүлж тусгаар тогтнолоо сахин хамгаалж авч явах нь хамгаас чухал.
Ямартаа ахмад үе маань “Асар их үнээр олсон аз жаргалаа хайрлаж яваарай” хэмээн захиж, дуугийг нь хүртэл биднээр жар далаад онд сумын бага сургуулийн дотуур байрны оройн тоон дээр үдэш бүр дуулуулж сургаж байсныг би тод санах юм. Бид Хүннү Сүннү хоёр гурван мянган жил гэж цээжээ дэлдэлгүй л яахав, харин энүүхэн хорин нэгэн онд олсон бидний тусгаар тогтнол ямар утга учир үнэ цэнэтэйг гүнзгий ухаарч түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлаж, үеийн үед Монгол Улс оршин тогтнох нь төрийн өндөрлөг, түүнд ажиллагсад, монгол хүн бүрийн эрхэм зорилго төдийгүй аливаа зөвийг дэмжиж түгээж соён гэгээрүүлж байх нь зүйд нийцэх болов уу.
Нийт үндэстний ядаж арваны нэг нь зөв байж, тэдгээрээс улс орны ганц ч болов зөв лидер төрж үндэстнээ залуурдаж байваас тухайн үндэстэн наанадаж зуун жил оршин тогтнох хамгийн доод шалгуур гэсэн бичигдээгүй хууль ч бий гэх. Дээр үед бидний мэдэх арабын ертөнцөд Вавилон хэмээх дэлхийн хүчирхэг гүрэн байж омог бардам ч, ухаан мунхаг эзэн хаан, үйлс урагшгүй эрхэлсэн түшмэд, өнгө мөнгөнд баригдсан Вавилон хотын суугчдаасаа болоод ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж бүрмөсөн сөнөж байсан түүх байдаг.
Вавилон гүрэн газрын хөрснөөс үүрд арчигдаж, тухайн үедээ дэлхийн хамгийн баян тансаг үзэсгэлэнт гэгдэж байсан нийслэл хотынх нь тууринд өнөөдөр зөвхөн уйл шар шувуу үнэг хярс цөөвөр чоно л үүрлэх болтлоо гэсгээгдэж.
Өнөөдөр бидний нүдэн дээр үнэн юм үгүйсгэгдэж харин худал хуурмаг бүхэн авилга хахууль шударга бус явдал хүчрэгдэхээ больсон улс орон, тухайлбал Гайти Номхон далайн арлууд дээр уул хад нурж газар хөдлөж хэдхэн хормын дотор зуу зуун мянгаараа хүмүүс газар доогуур орж дайн дажинд нэрвэгдэж байгаа нь “Yнэнийг умартваас, чулуу ч хашгирна” гэдэг л болж байгаа байх. Харин бидэнд Сингапур Солонгос Голланд шиг цэцэглэн хөгжих боломж бий.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
1 comment
Үгүй ээ, бид бусдаас буруу эрдэгээ болимоор бна аа, Ах. Зүгээр л та бид сүүлийн 32 жилийн түүхийн гэрч ш дээ. Нийгмийн нэг хэлбэрээс нөгөөд шилжих гэж хичнээн туйлширч, хуучинтайгаа зууралдаж байна. Ингэх тусмаа хувиа хичээсэн бэртэгчингүүдийн үйлийн зоргыг гүйцээх төдий л байна ш дээ. Тэгвэл тухайн үед мөн л адилхан одоогийнх шиг жалга дов төдий эрх мэдэл, зэрэг дэв, суудал ямба, нэр алдрын төлөө бие биеэ адлаж, босгосон бүтээсэн бүхнээ нураасан нь түүхэн үнэн ш дээ. Сталиндаа ч биш байх.