Дэлхий нийтэд тархан суурьшсан Монгол туургатны өв соёл, уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий “Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Наадамд Монголс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын 200 гаруй уран бүтээлч болон үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна.
Уг их наадмын хүрээнд өчигдөр буюу энэ сарын 06-нд “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Харин өнөөдөр Монгол туургатны соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд нээгджээ.
Төв талбайн баруун болон зүүн талд Монгол уран хатгамалчдын авьяас билгийг харуулсан “Монголын нууц товчоо”-ны хоёр хувилбарыг байрлуулжээ. Баруун талд “Монголын нууц товчоо судлалын хүрээлэн”-гийн бүтээсэн 180 метр урт торгонд зээгэн хатгамлаар урласан “Монголын нууц товчоо”-г байрлуулсан байна.
Уг бүтээлийг хийхэд нийт 5 жилийн зарцуулсан бөгөөд Монголын нууц товчооны бүх бүлгийг зээгт хатгамлаар бичиж, 18 түүхэн зургийг мөн оёсон байна. Хэнтий аймгийн иргэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарын санаачилгаар 21 аймгийн 5000 гаруй уран хатгамалч хоёр жилийн хугацаанд хамтран бүтээсэн 108 метр урт эсгийн дээр зурган өгүүлэмжээр ширсэн “Монголын нууц товчоо”-г Сүхбаатарын талбайн зүүн талд байрлуулжээ.
Энэхүү бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ. Талбайн гол хэсэгт Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бол хойд хэсэгт байрлах Монгол гэрүүдэд уран хатгамал, уран бичлэг, Монгол хөгжим зэрэг түүхийн болон соёлын өвийг танилцуулж байна.
“Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам өнөөдөр орой “Монгол Костюмс”-ын 15 жилийн ойн театрчилсан загварын тоглолт, “Этно хөгжмийн үдэш” арга хэмжээгээр үргэлжилнэ.