Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл камержуулах, хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь бүртгэгдээд гарсан морьдыг маршрутаар явуулах, санаатай, санаандгүй байдлаар хүүхэд хүүхэд унагадаг зэрэг зөрчлүүдийг илрүүлэх боломжтой. Мөн уяачид, хурдан морь сонирхогчидод хандаж хэлэхэд хурдан морины уралдааныг машинаар дагадаг асуудлыг болиулна” гэв.
Бямбадорж “Уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг тодорхойлох мэргэжлийн хүмүүс ажиллана. Сэрвээний өндөр болон морины үйлдвэрлэг байдлыг харж ялгана. Сэрвээний өндөр нь даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, соёолон, азарга 140 см, их насны морьд 141 см байхаар заасан байгаа. Сэрвээний өндөр заасан хэмжээнд хүрэхгүй байгаа боловч үйлдвэрлэг байдал нь илт эрлийз байвал уралдаанд оролцуулахгүй.
Уяачид ёс зүйтэй байж, эрлийз морьдоо өөрсдийн ангилалд нь уралдуулахыг хүсч байна” хэмээлээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудал буюу хүүхдүүдийн даатгалыг 100 мянган төгрөг болон нөхөн олговорыг 20 сая төгрөг болгосон.
Энэ асуудлыг мэдсээр байж орон нутагт мэдэн будилж, хуучинаар нь даатгаж байна гэсэн мэдээлэл ирж байна. Бид иймэрхүү байдал гаргасан газрын удирлагуудад арга хэмжээ авахуулж, олон нийтэд мэдээлэх болно. 21 аймагт бүх уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар явуулна” хэмээв. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг 12-20 машин дагадаг байна. Хурдан морины салбар хорооноос энэ жил хурдан морины уралдааныг найман машинаар дагуулахаар төлөвлөсөн байна. Энд морь тайлбарлагч, эмч, чиглүүлэгч, морины комисс, шууд дамжуулалтын телевиз багтах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.