Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

-Ардчилсан нам “Монголоо сонсъё” аян өрнүүлсэн. Энэ аяны ажил дууссан уу?

-АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд болсон. Энэ хуралдаанаас” “Монголоо сонсъё” сарын аяныг зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Аяныг тавдугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 14-ний хооронд Монгол Улсынхаа 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд зохион байгуулаад байна.

Одоо уулзалтуудын тайлангуудыг нэгтгэх ажил явж байгаа. ИТХ-ын нөхөн сонгууль болсонтой холбоотойгоор зарим газар хойшилсон. Сонгууль өнгөрөөгөөд буюу зургаадугаар сарын 24-нөөс хойш зохион байгуулаад явж байгаа асуудал бий. Аяны тайлангийн дүнг наадмын дараа намын Үндэсний бодлогын хороо хуралдаж хэлэлцэнэ.

“Монголоо сонсъё” аянд 60 мянга орчим АН-ын гишүүд оролцлоо. Үйл ажиллагаа улс орон даяар 160 мянга гаруй иргэдийг хамарсан байна. Манай баг нийт 102 мянган км замыг туулж ажилласан урьдчилсан дүнтэй байгаа. “Монголоо сонсъё” аяны хүрээнд сум, хороо, аймаг, дүүрэг, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонссон. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон эрх барьж байгаа улс төрийн хүчинтэй холбоотой санал, сэтгэгдэл шүүмжлэлүүдийг ярьсан ийм томоохон арга хэмжээ боллоо.

-Иргэдтэй уулзаад явж байхад гол төлөв ямар асуудлыг шүүмжилж байна?

-Мэдээж, “Монголоо сонсъё” гэсэн нэртэй аян учраас иргэдийнхээ үгийг сонсох үндсэн ran зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, төвөөс ирсэн хэдэн хүн юм яриад хамаг цагаа барах биш харин олон түмнийхээ сэтгэгдлийг сонсохыг чухалчилсан „ хэрэг. Хүмүүсийн хэлсэн саналуудыг ерөнхийд нь тоймлох юм бол “Эрх баригч хүчин маш их зүйлийг амлаж гарч ирсэн. Бараг л уулыг нураана, усыг эргүүлнэ гэсэн.

Тэр амлалтаас хэрэгжсэн зүйл огт алга. Томоохон бүтээн байгуулалт, ажлууд хийсэнгүй” гэдгийг маш их ярьж байна. Өөрөөр хэлбэл, төрд байгаа хүмүүсийн ам ажлын зөрүү их байгааг хэлж байлаа. Мөн “Ард түмний амьдрал сайжирсангүй. Орлого буурсан атлаа зарлага их өслөө. Барааны үнэ өсөөд зарлага нь ихдэхээр орлого амьдралд хүрэхгүй байна” гэдгийг олон хүн хэлсэн. Төрөөс иргэддээ үзүүлж байгаа нийгмийн халамжийн асуудлыг хөндөж байна.

Тэр дундаа тэтгэвэр, цалин огт нэмэгдээгүй хэр нь түүнээс авдаг татварын хэмжээ нэмэгдсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлж байлаа. Ерөнхийдөө иргэд амьдралын төвшин нь өмнөхөөсөө уруудаж ядуурсан талаар хэлж байсан.

-Энэ жилийн хавар урт боллоо. Малчид юу ярьж байв?

-Малчдын хувьд “Мал аж ахуйн гаралтай түүхий зд, бүтээгдэхүүний үнэ тэр дундаа мал, махны борлуулалтаас олж байгаа орлого бага байна. Энэ талын орлого бага байгаа учраас амьдрал доголдож байна” гэдэг асуудлыг ярьж байлаа. Дээрээс нь энэ жил хүнд хавар болсон. 60-70 хоног хаврын хавсарга салсангүй.

Энэ мал хүнгүй л гуйвуулсан байна. Залгаад бороо, хур орсонгүй хангай дэлхий хавчаад их хүнд хавар болсон л доо. Мал их ядарсан байна. Түүнийг дагаад малчид их ядарлаа. Тиймээс төр засгаас малчдаа дэмжсэн бодлого явуулахгүй бол малчид сөхөрлөө гэдэг зүйлийг ярьж байсан.

Өөрөөр хэлбэл, бороо хур оруулдаг шинэ технологийг нэвтрүүлэх асуудлыг хөндөж байна. Мөн үлийн цагаан оготно маш их өссөн. Үүн дээр улсаас бодлого явуулж арга хэмжээ авахгүй бол дан сум орондоо малчид тэмцээд дийлэхээ байлаа гэдэг зүйлийг их ярьж байлаа. Дээрээс нь хүүхдийн мөнгийг бол хүн бүхэн ярьж байна. “Хүүхдийн мөнгийг алагчилж олгож байна. Үүнийг нэг бүтэн олгочихдоггүй юм болов уу” гэсэн үг их хэлсэн. Хүүхдийн мөнгийг хадгаламжинд хийсэн иргэд ч “Хүүхдийн хадгаламжийн мөнгөнөөс татвар авчих юм. Үүнийгээ больж болдоггүй юм уу” гэдэг асуудлыг тавьж байна.

-Саяхан нөхөн сонгууль болж өнгөрлөө. 2016 онд АН олон тойрогт ялагдсан. Одоо сонгогчдын санаа бодол эргэсэн байна уу?

-Орон нутагт болж байгаа нөхөн сонгуулиудад манай нам оролцсон. Бид 2016 оны УИХ болон ИТХ-ын сонгуулиудаар ард түмнээрээ дүнгээ тавиулсан. Муу дүн авсан. Тэгээд алдаандаа дүгнэлт хийгээд шинэчлэлийн ажлуудаа эхлүүлсэн. Энэ шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Манай нам 2016 онд 110 сум дээр ялалт байгуулсан. Саяны нөхөн сонгуулиар Өмнөговь, Сэлэнгэ аймаг гээд зарим аймаг, дүүргүүд дээр яллаа.

Яах вэ, манай нам ялаад хүчний харьцаанд нөлөөлөхөөргүй зарим тойрогт аймаг, сумын намын хороо ач холбогдол өгч оролцоогүй тал бий. Ерөнхийдөө бид шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлж түүнийгээ маш сайн хэрэгжүүлээд 2020 онд ард түмнээрээ нэг сайн дүгнүүлнэ гэсэн чиглэлдээ онцгой анхаарал тавиад ажиллаж байгаа.

-Ирэх намар УИХ-ын Хэнтий аймгийн 42 дугаар тойрог дээр нөхөн сонгууль болно. Тэнд АН-аас хэн өрсөлдөх вэ. Янз бүрийн таамгууд бол гадуур гарч л байна?

-Шинэчлэлийн хүрээнд хийсэн нэг амин чухал ажил бол намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ дүрмээрээ аливаа УИХ болон орон нутагт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээ бид намын анхан шатны байгууллагын гишүүдийнхээ саналд түлхүү тулгуурлаж сонгоё гэдэг зарчим барьж байгаа.

Үүнийгээ баримталж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хүртэл бид гишүүдээсээ асууж тодруулсан шүү дээ. Дүрмийг дагаж намын журмууд ч шинэчлэгдэж байгаа. Тухайлбал, УИХ болон бүх шатны ИТХ-д нэр дэвшигчийг тодруулах журам байна.

Мөн Сонгон шалгаруулах хороогоор нэр дэвшигчийг тодруулж баталгаажуулдаг байх дүрмийн заалттай. Энэ хоёр журам ирэх наймдугаар сард болох Үндэсний бодлогын хорооны хурлаар орж батлагдана. Журмынхаа дагуу асуудлуудаа шийднэ. Одоогоор бид хэдий нам удирдаж байгаа ч гэсэн яг тэр, энэ нэр дэвшинэ гэж хэлэх хэцүү. Энэ бол хамтын шийдвэр байх болно гэдгийг хэлье.

-Та намын шинэчлэл үргэлжилж байгааг хэллээ. АН-ын хувьд фракцгүй нам боллоо гэдгээ зарлаж байсан. Энэ үйл явц хэр ахицтай байгаа вэ?

-Сая “Монголоо сонсъё” аяны хүрээнд явж байхдаа нам яагаад ялагдав гэдэг асуултыг гишүүд, дэмжигч, ард түмэндээ тавьсан. Тэгэхэд хүмүүс “АН ард түмнээсээ, гишүүдээсээ тасарсан. Толгой дээрээ гол шийдвэрээ гаргадаг, фракцуудад сандал суудал, эрх мэдэл хуваарилах зарчмаар асуудлыг шийддэг байсан чинь том алдаа байсан” гэдэг зүйлийг хэлсэн. Тиймээс бид фракцгүй нам болъё гэдэг чиглэл рүү явж байгаа.

Ард түмний шүүмжлэлийг хүлээж авч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Фракцгүй, харин бодлогын нам болъё гэдэг зорилгыг тавьж байна. Асуудлыг бүлэглэж, фракцалж биш бүгдээрээ шийддэг. Бодлогоо гаргаад бодлого дээрээ суурилж ярьдаг нам болохоор шийдсэн. . Энэ хүрээнд бодлогын зөвлөлүүд байгуулагдсан. Бүх яамдыг хариуцсан бодлогын салбар зөвлөлүүд үйл ажиллагаа явуулж байна. Ийм шийдвэртэйгээр ажиллаж байгаа. Үүний төлөө ч ажиллах болно.

-УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар гаргасан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж аваад байна. Хориг УИХ-ын гишүүн Д.Муратад хамаарч байгаа. АН Д.Мурат гишүүний асуудалд ямар байр суурьтай байгаа юм бол. Нам нь ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл нэг хэсэг гарсан?

-АН хамгийн дээр хууль байх ёстой гэдэг зарчимтай нам. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх ёстой, даргад өөр жирийн хүнд ондоо үйлчилдэг байх ёсгүй гэсэн зарчмыг баримталж анх гарч ирсэн нам шүү дээ. Тэгэхээр цагаан дээр хараар бичсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд хэрхэн заасан байна тэр дагуу явах ёстой гэдэг байр суурьтай байгаа.

Намын удирдлагын хувьд УИХ-ын гишүүн ч бай жирийн нэгэн иргэний адилаар хууль шүүх дуудаж шалгах асуудал байвал түүнд нь очоод татгалзаж, цааргалалгүй асуугдаад үнэн, зөвөө ялгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Дээрээс нь хэлэхэд миний хувьд хэн нэгэн хүн гэм буруутай нь шүүхээр эцэслэгдэн тогтоогдоогүй байхад буруутай мэтээр цоллож харлуулдгийн эсрэг байдаг.

Хуучны нэг буруу жишиг яваад байна шүү дээ. Хэн нэгэн хүнийг хэвлэлээр цоллож байгаад дараа нь хорьж, цагдаад нэр хүндийг нь унагаадаг. Бараг тэр хүнийг шүүх яллахаас өмнө ялтан мэтээр харагдуулчихдаг тал бий. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Тиймээс бид Д.Мурат гишүүнтэй ярилцаад хэрвээ алдаа оноо гаргасан зүйл байвал шалгуулж, тогтоолгоод хууль зөрчсөн байвал хариуцлагаа хүлээ, зөрчөөгүй бол зөрчөөгүй гэдгээ тогтоолгоод яв гэдэг ийм л зарчим барьж байна.

-Улсын наадам болоход хэдхэн өдөр үлджээ. Ардчилсан намын хувьд наадмаар ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах уу?

-Монгол түмний уламжлалт баяр наадам болох гэж байна. Ардчилсан нам өмнө нь тэмдэглэж ирсэн жишгээрээ сум, аймаг, дүүрэг, нийслэлдээ тэмдэглэнэ. Нийслэлийн хувьд Хүй долоон худагт төв нам болон дүүргүүдийнхээ гэрийг бариад гишүүд дэмжигчдээ уриад наадамладаг.

Ингээд морь, бөх, харваачдынхаа тухай яриа өрнүүлж монгол түмнийхээ нэгэн адилаар сайхан тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ бол уламж-лал болсон арга хэмжээ л дээ.

-Та аймгийн алдарт уяач цолтой хүн. Таны хувьд наадам өргөн дэлгэр болдог байх. Энэ жил хэрхэн наадах бодолтой байна. Хэдэн насанд морь уяж байгаа вэ?

-Монгол хүн, тэр дундаа манай аав Төв аймгийн Баянжаргалан сум буюу хурдны өлгий болсон сумын хүн учраас морь уялгүй яахав. Ээж, аавын гээд аль аль талын өвөг дээдэс маань дандаа морь уяж ирсэн улсууд учраас морийг бусад монгол эрчүүдийн адилаар дээдэлдэг. Адуунд хар багаасаа сонирхолтой.

-Та хэдэн айраг, түрүү авч байлаа?

-Улс бүсийн есөн айраг авсан. Аймаг, сумын нэлээд хэдэн айраг бий. Аймгийн алдарт уяач гэдэг эрхэм цолыг ч хүртсэн. Энэ жилийн тухайд 4-5 насанд 13, 14 морь сойж байгаа. Одоо ерөнхийдөө морьд шигшигдлээ. Тэгээд улсын наадамдаа төрт ёсныхоо уламжлалыг бодож морио мордуулж уралдана.

Дараа нь Засгийн газрын тогтоолоор баталсан дөрвөн бүсийнхээ аль нэг наадамд явж уралдана. Ажил ихтэй болохоор энэ жилийн хувьд ерөнхийдөө голчлон утсаар л морьдоо уяж байна даа. Мэдээгээ аваад л уяачтайгаа саналаа солилцоод явдаг. Манай уяач аймгийн алдарт уяач Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Намсрайн Золзаяа гэдэг залуу бий.

-Наадам дөхөхөөр морь, бөхөө л ярих юм даа. Энэ жилийн хувьд үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж муудалцаад нэлээд хачирхалтай байдал үүсгэлээ. Наадам будилаантай болбол Б.Бат-Эрдэнэ эсвэл А.Сүхбатын буруу шүү гэдэг үгсийг нэг нэгэндээ чулуудаж зарим бөхчүүд наадамд оролцохгүй мэт яриад эхэллээ. Яг наадамдаа бол бүгдээрээ л оролцох байлгүй дээ. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Эрийн гурван наадам бол монголчууд бидний уламжилж дээдэлж ирсэн спорт. Спорт ч дээрээс нь уламжлал өв соёл ч байна. Монголчууд өв соёлоо маш их дээдэлдэг ард түмэн. Наадамд их морь түрүүлгэсэн хүн нэг жил айлын хойморт хамгийн дээр суух эрхтэй. Наадмын түрүү бөх ороод ирэхээр босго хотойдог хэмээн тэр хүнийг хүндэлдэг. Эрхий мэргэн харваачдаа ч маш их хүндэтгэн дээдэлдэг. Эргээд энэ хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст нэр төрөө өндөрт авч явах хариуцлага ногддог. Ний нуугүй хэлэхэд одоо бол энэ хариуцлагыг ухамсарлах нь бүү хэл талцаж аваад хэрэлдээд ард түмний дунд маш их талцлыг бий болгож байна шүү дээ.

-Увс, халхаар нь хуваагаад л?

-Увс, халхаар нь хувааж байна. Дээрээс нь зөв, буруугаар хуваагдаж байгаа. Ганц бөхийнхөө холбооны асуудал дээр хүртэл хуваагдаад явчхаж байна. Үндэсний эв нэгдэл, баяр цэнгэлийн манлай болох ёстой хүмүүс нь тодорхой хэмжээний хариуцлага, ухамсартай байх ёстой. УИХ-ын гишүүд ч тэр дунд явж байна, алдар цуу нь түгсэн аварга, арслангууд ч явж байна. Маш муухай харагдаж байгаа юм.

Энэ хэрээр эргээд ард түмнийхээ дунд үнэлэмж нь унаж байна. Дэлхийд цор ганцхан байдаг нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалсан хүмүүс нь ёс заншлаа уландаа гишгэж байгаа л асуудал. Наанаа мэдэгдэхгүй байгаа ч ийм байдал цаанаа их хортой. Цөөхөн монголчууд бид бүх юман дээрээ талцаад, хар бараанаар хараад явчихвал асуудал их буруу тийшээ явж байгаа хэрэг. 2008 оны долоодугаар сарын 1-н гээд айхтар хар өдөр Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

Тэр өдрөөс cap гаруйхны дараа олимпын хоёр аваргатай болоход монголын ард түмэн буцаад яаж сэргэж, нэгдэж баярлаж цэнгэж байлаа даа. Спорт, бахархал гэдэг тийм үнэ цэнтэй зүйл. Ийм чухал үүрэг гүйцэтгэх ёстой бөхчүүд хуваагдаад, талцаад явж байгаад сэтгэл дундуур байгаа. Үнэхээр үүнийг нэг тийш нь гаргаад хамгийн гол нь олонхоороо шийдээд явах ёстой. Тэгэхгүй би илүү цолтой, олон. хүнтэй гээд ялангуяа жалга, довоор хуваадаг бол бүр л буруу байгаа юм.

-Төв аймаг хэзээнээсээ бөхтэй нутаг. Та бөхийнхөө галаар очив уу. Энэ жил өнгөтэй барилдана гэж нутгийнхаа ямар залуучуудыг харж байна вэ?

-Би бөхчүүдтэйгээ их ойр холбоотой явдаг хүн. Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээнийхэн маань наадмын бус цагвар Хөдөө аж ахуйн яамны зааланд бэлтгэлээ хийдэг. Наадмын бэлтгэлдээ Төв аймгийнхаа хойхон талд гарсан байгаа. Манай аймгийнхан харьцангуй зохион байгуулалт, эв нэгдэл сайтай оролцдог.

Тэгэхээс ч аргагүй. Төв аймаг Д.Хадбаатар аварга, Ж.Мөнхбат аварга гээд үе үеийн алдар суу нь түгсэн аварга, арслангуудтай нутаг. Тэгэхээр энэ уламжлалаа бас их барьдаг. Энэ жил олон сайхан залуучууд гарч ирж байна. Манай Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Ууганаа гээд залуу сайн бий. Энэ залуугаа бид харж байгаа. Өмнө хоёр жил улсын өсөх идэр начин цол авсан Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Батчулуун начнаа дэмжиж байна.

Мөн Ганжад маань өнгөрсөн жилийн наадмаар урамтай сайхан барилдаж улсын цолтны босгыг алхсан. Улсын хүчин заан Батмөнх маань ерөнхийдөө ахлаад явдаг. Энэ жил бас аймгийнхаа бөхчүүдийн галаар очиж, тэднийгээ дэмжиж, балиашиглана даа гэсэн бодолтой байгаа.

-Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе?

-Монгол Улсынхаа дөрвөн зүг найман зовхист Хөвсгөлийн их уулсаас өмнийн цэнхэр говь хүртэл Алтай таван богдоос Дорнын их тал хүртэл ергөн уудам нутагтаа амьдран сууж буй нийт монголчууддаа нар хур тэгширсэн наадмын мэндийг хүргэж байна. Хэдийгээр зарим нутагт гандуу байгаа ч гэсэн ойрын хугацаанд дэлхий дэлэгнэж нийт нутгаар хур хайрласан дэлгэр сайхан зун болж байна. Бөх хүчтэй, морьд шандастай, харваачдын цэц мэргэн байх болтугай.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

By updown

One thought on “Ц.Туваан: Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь хамтын шийдвэр байх болно”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн