Дэлхий дахинд технологи, тэр дундаа компьютер, програм хангамжийн салбар ямар хурдтай хөгжиж байгаагийн нэг илрэл болсон будааны ширхэгээс жижигхэн хэмжээтэй компьютерийг Америкийн Мичиганы их сургуулийн эрдэмтэд зохион бүтээжээ.

Гэвч нараар цэнэгээ авдаг маш жижигхэн хэмжээтэй зай хураагуур бүхий энэ бяцхан компьютерт нэг хүчтэй өрсөлдөгч байгаа нь компьютер үйлдвэрлэлийн анхдагч компаниудын нэг болох IBM-ийн өөр нэгэн бүтээгдэхүүн юм. Хамгийн жижиг компьютерийг бүтээх өрсөлдөөнийг Мичиганы их сургуулийн инженер, эрдэмтэд өнгөрсөн онд анх эхлүүлжээ. Өнгөрөгч онд тэдний бүтээсэн дэлхийн хамгийн жижигхэн компьютер ердөө 2x2x4 мм-ийн хэмжээтэй байсан байна.

Гэвч IBM-ийн инженерүүдэд Мичиганы их сургуулийн эрдэмтдийн энэ шинэ нээлт огтхон ч таалагдсангүй. Учир нь дэлхийн хамгийн жижигхэн компьютер бүтээх өрсөлдөөнд зөвхөн бид тэргүүлж байх ёстой хэмээн IBM үзжээ. Ингээд хэдхэн сарын дотор тус компанийн инженерүүд бас нэгэн бичил компьютерийг бүтээсэн нь будааны ширхэгээс үл ялиг том болсон аж. Гэтэл дэлхийн шилдэг компьютер үйлдвэрлэгч компанийн өөрсөдтэй нь барьцсан энэ үйлдэл Мичиганы инженер, эрдэмтдэд бас л таалагдсангүй.

Иймээс тэд бичил компьютерийнхээ хэмжээг дахин багасгаж, будааны ширхэгээс жижигхэн болгохоор шийдэж. Ердөө 0,3 мм-ийн хэмжээтэй шинэ бичил компьютер нь усан сангийн усны дулааныг хэмжих, дуу болон дүрс бичлэг хийхээс гадна хавдар өвчний эсрэг судалгаанд ашиглах боломжтой гэнэ. Ингэхдээ өөрт суулгасан микро камерын тусламжтайгаар дүрсийг зүгээр нэг бичээд зогсохгүй виртуаль хэлбэрт шилжүүлэн харуулах чадамжтай аж.

Зурган дээр цагаан будааны дэргэд хавьгүй жижигхэн харагдаж байгаа энэ бяцхан компьютер монголчууд бидний ярьдгаар бие багатай ч аргагүй л бэлчээр томтой их эд бололтой. Харин одоо бид хамгийн жижиг компьютер бүтээх өрсөлдөөнд өөр ямар компани, ямар инженер, эрдэмтэд тодрон гарч ирэхийг хүлээх л үлдэж. Мичиганы их сургуулийн багийнхны үзэж байгаагаар давсны ширхэгээс жижиг хэмжээтэй компьютерийг бүтээх технологийн бүх боломж нь байгаа гэнэ.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн