Хүүтэй, охинтой, дүүтэй хэний ч өр өвдмөөр явдлууд зуны дүлий өдрүүдийн сонин болдог боллоо. Саяхан даа, сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд нэг хүү амиа алдсан. Талийгаач хүүг зорилтот бүлгийнх, ээж аав нь салсан, аав нь архины хамааралтай гэж ярьсан сургуулийн захирал ажлаасаа чөлөөлөгдсөнөөр уг явдал шувтрах шиг боллоо.

Дараахан нь Сүхбаатар дүүргийн VII хорооны “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд есөн настай хүү амиа алдав. Цахилгааны шалбарсан утас төмөр хаалганд хүрчихсэн байхад бяцхан хүү хаалганы бариулаас бариад авсан юм билээ.

Хаяг бичсэн гэрэлтдэг самбарын шалбархай утас хэдэн өдөр орсон, гарсан болгоныг цочроож ойр хавийнх нь хүмүүс эмийн санд орохдоо хөлөөрөө хаалгыг нь нээж, хааж байсан гэдэг. Тийм байтал засалгүй явсаар золгүй явдал болгочихсон байгаа юм. Хамгийн сүүлд зайрмаг авахаар ааваасаа мөнгө аваад гарсан ах дүү хоёр осолд орж орчлонг орхижээ.

Өнгөрсөн сард мөн зам гүүрний ажил хийхээр босгосон шороон далангийн тогтоол усанд 11 настай хүү живсэн явдал гарч байлаа. Онцгой байдлын албаныхан үер усны асуудлаар хэдэн өдрийн өмнө мэдээлэл хийж байхдаа “Аав ээж нь голын эрэгт хөзөр тоглож байх хойгуур хүүхэд нь мөлхөж байгаад ус руу унаж амиа алдсан харамсалтай явдал гарсан” тухай ярьж байна лээ.

Тэгвэл энэ мэт хэргүүд олон нийтийн анхааралд өртөлгүй бараг өдөр бүр шахам гарч байдгийг зарим тоо баталж байна. Тухайлбал, 2017 онд улсын хэмжээнд 1692 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байдаг. Түүнээс 127 хүүхэд амь насаараа, 745 хүүхэд эрүүл мэндээрээ хохирчээ. Мөн өнгөрсөн онд сэтгэл санааны хүчирхийлэлд 424, бэлгийн хүчирхийлэлд 187 өртсөн аж. Өдөрт дунджаар таван хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог гэсэн үг.

Дээр нь хоёр өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг болж таарч байна. Манайх шиг цөөхөн хүн амтай оронд дээрх тоо бол аюулын харанга юм. Дайн тулаангүй, байгалийн гамшиггүй, ардчилсан, чөлөөт оронд хүүхэд эндэх нь ердийн явдал болтлоо ужгирсны шалтгаан юу вэ.

Нэг үгээр томчуудын хэнэггүй байдал хүүхдүүдийг отсон урхи болжээ. Дээр нь хүүхэд эндсэн, эрүүл мэндээрээ хохирсон хэрэгт эзэн гэж байхгүй боллоо. Машинд мөргүүлбэл гарцгүй газраар гүйсэн, хөлбөмбөгийн талбайд төмөр хашлаганд дарагдвал эцэг, эх нь салсан хүүхэд байсан, буудалд бэлгийн гаж сонирхолтой хүмүүст тамлуулбал биеэ үнэлэгч юм билээ, усанд живбэл хараа хяналтгүй явж байсан гэх хандлагаар өнгөрч байна.

Үр дүнд нь зочид буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах, сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх мэтийн арга хэмжээ аваад өнгөрдөг болох нь. Хүүхдийн амь том хүнийхээс хямдхан болж таарах нь. Зүгээр харамсалтай хэрэг гэдэг шинэ ангилал бий болгоод тийш нь чихэж байдаг болчихжээ. Тиймээс хүүхэд хамгааллынхаа тал дээр жинтэй арга хэмжээ авах цаг нь болжээ. Өнөөгийн парламентад 13 эмэгтэй гишүүн байна.

Ийм олон эмэгтэй гишүүнтэй УИХ манай парламентын түүхэнд байгаагүй юм. 2012-2016 оны УИХ-ын эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг лоббидож үр дүнд хүрч байлаа. Архи, тамхины хэрэглээг хяналттай болгож байв. Одоо гэртээ агсам тавьдаг, эхнэр хүүхдээ зодож нүддэг хүн илт цөөрснийг хуулийн байгууллагынхан хэлдэг болсон.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч өмнө нь ахуйн хүрээний жижиг танхайн хэрэгт тооцогдож өнөөдөр цагдаад баригдсан ч маргааш нь суллаад явуулдаг байлаа. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд гэр бүлийн хүчирхийлэл жижиг танхай биш шууд гэмт хэрэг болсон юм. Тэр хүн гэр бүлээ тэжээдэг ч бай, айлын ганц эрх хүү ч бай шууд гэмт хэрэгтэн болж зохих шийтгэл хүртэнэ. Эхэндээ зарим агсам хүний ар гэр хэл ам гаргаж л байлаа.

Гэхдээ одоо гэp бүлээ хооллодог ч бай, эрүүлдээ хайрладаг ч байсан согтуудаа эхнэр хүүхдэдээ rap хүрэх эрхгүй юм гэдгийг хүн бүр ойлгодог болчхоод байна. Архи, тамхинд хяналтын тухай хууль ч мөн ялгаагүй. Өнөөдөр хэн ч ажил дээрээ, олон нийтийн газар, паб, ресторанд тамхи татахаа байжээ.

Хууль бол хууль байдгийн тод жишээ, энэ. Магадгүй эдгээр хуулийг гаргаснаараа өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүд түүхэнд үлдэх биз. Тэгвэл өнөөдөр УИХ-д сууж буй эмэгтэй түшээд хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хатуу хариуцлага тооцдог хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй байна.

Хүүхдээ хараа хяналтгүй явуулсан эцэг, эхэд хариуцлага тооцдог болъё. Үйлчилгээний төвүүдийн үүдэнд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүдийг тэгж явахад нь нөлөөлсөн хүн хуулийн хариуцлага үүрдэг байх ёстой. Хэрэв хүүхэд эндсэн бол төмөр шонг ганхуулсан салхины буруу, цахилгааны шалбарсан утас бороо орсны улмаас хүүхдийг тогоор цохисон нь хурмастын алдаа биш түүнийг цаг тухайд нь засаж сэлбэж байх ёстой хариуцсан хүмүүсийн буруу юм.

Тийм болохоор хариуцлага алдсан хүмүүс зохих шийтгэлээ авдаг байх хууль хэрэгтэй байна. Мөн хүүхдийн эсрэг аливаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ял шийтгэлийг ч нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хүнийг үхэлд хүргэсэн хүнд оноодог ялыг алга болгосон байна лээ.

Нэг үгээр энэ шат аюулгүй гэж хэлээд шатаар явуултал тэр нь нурсан бол “аюулгүй” гэж хэлсэн хүн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Эцэг, эхчүүдэд ч сургалт оруулах хэрэгцээ бий. Дунд сургуулиудын эрүүл мэндийн хичээл дээр “бэлгийн боловсрол” гэдэг бүлэг хичээл оруулж болдог юм чинь эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтад ороход нь нөхөр, найз залуутай нь суулгаж байгаад эцэг, эх байх талаар хичээл оруулдаг болгож яагаад болохгүй гэж.

Олон нийтийн дунд ч урамшуулалтай хяналтын систем нэвтрүүлж болно. Авто замын гарцгүй аль газраар хүүхдүүд их гүйж байна, хэн машиндаа хүүхдийн суудалгүйгээр хүүхдээ тээвэрлэдэг, ямар буудал арван жилийн хүүхдүүдийг архи уух нөхцөлөөр хангадаг гээд олон нийтийн мэдээлэл авдаг болж болно.

Мэдээлэл өгсөн хүнийг урамшуулж бас нууцалдаг байх хэрэгтэй. Ийм хууль санаачлаад явуулбал олон нийтийн дэмжлэгийг ч авна. Ээлжит бус чуулган зарлуулж энэ зундаа шийдэх асуудал чинь энэ биш юм уу.

Ээжүүд, эмэгтэйчүүд болохоор нь УИХ-ын эмэгтэй гишүүд рүү хандаад байгаа юм. Түүнээс УИХ-ын гишүүдийн хэн нь ч хүүхэд хамгааллын хуулийг чангаруулаад оруулаад ирэхэд бүгдээрээ дэмжиж таарна.

Хуулийг улам боловсронгуй болгох гэж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон хүмүүс цаг үеийнхээ асуудлыг мэдэрч өөрсдийнхөө ажлыг шуурхай хийх учиртай. Амьдралд. нийцсэн нийцээгүй, өв уламжлалтай зохицсон зохицоогүй ямар ч хамаагүй.

Хамгийн гал нь хатуу чанга аргаар хүүхдийн эсрэг тэмцдэг болох нь зөв. Санаандгүй үйлдэл ч ялтай байх ёстой. Өвдөг нь шалбарахад л өр өвдмөөр балчир үрс өдөр бүр хариуцлагагүй үйлдлийн золиос болсноос л дээр шүү дээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

By updown

One thought on “Хүүхэд хамгааллын хуулийг чангаруулбал энэ парламентын эмэгтэй гишүүд түүхэнд үлдэнэ шүү”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн