Сибирээс манай улсад орж ирсэн хар хорхойны нүүдлийн талаар сүүлийн өдрүүдэд их ярьж байгаа ч яг хаанаас ямар төрлийн хорхой хэдий хэмжээтэй нүүдэллэн орж ирж байгаа. Энэ хорхой нь хүний бие, эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг, мөн байгаль орчинд ямар хор хөнөөлтэй талаар судалж, хариуцдаг байгууллага, мэргэжилтэн өнөөдрийн байдлаар алга байна.
Бид хар хорхойны талаар тодруулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Биологийн хүрээлэн, тэр ч бүү хэл Шинжлэх ухааны академи гээд нэг бус газар луу холбогдсон боловч өдийд энэ шавьжийг судлаад сууж байх ёстой мэргэжилтнүүд нь “Бид юу ч мэдэхгүй. Бидэнд ямар ч хорхойны талаар мэдээлэл албан ёсоор ирээгүй.
Хаана тэгж нүүдэллээд байгаа юм. Судалж үзээгүй, хараагүй болохоор ямар хорхой гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Сүүлийн хэдэн өдөр энэ асуудлаас болж хэвлэл мэдээллийнхнээс залхаад сууж байна” гэсэн хариултыг өгцгөөсөн юм. Оросын зарим вэб сайтууд дээр “Сибирийн ойд энэ жил маш халуун зун болж байгаа учраас зарим төрлийн шавьж нүүдэллэж эхэлсэн байж болзошгүй талаар бичжээ.
Бидний хар хорхой хэмээн нэрлээд байгаа уг шавьжийг дэлхийн шинжлэх ухаанд Нематокера, Мицетофилидая, Анисоподидая хэмээх бүлэгт хамаардаг Сибирийн мөөгөнцөр болон ургамал идэшт хар хорхой хэмээн албан ёсоор тэмдэглэжээ.
Америкийн New York Times сонины 2009 оны дугаарт “Сибирийн ойд хаа сайгүй амьдардаг мөөгөнцөр идэшт хар хорхойны нүүдэл хот суурин газар луу чиглэж байна” гэсэн товчхон мэдээлэл гарсныг эс тооцвол барууны хэвлэлүүдэд энэ хорхойны талаарх мэдээлэл тун бага байдаг аж.
Харин Оросын шинжлэх ухааны зарим хэвлэлүүдэд уг хорхойны талаар “Чийгтэй сүүдэр газарт амьдарч, их хэмжээгээр асар хурдтай өсч үрждэг, ойн мөөг, мөөгөнцөр, мөн зарим төрлийн навчит ургамлаар хоолодог. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл гэхээр зүйлгүй ердийн нэгэн шавьж.
Эсрэгээрээ энэ хорхойг зарим төрлийн өвчнийг эдгээхэд хануур хийж ашигладаг” хэмээн бичжээ. Эрдэмтэд хар хорхой, царцаа, цагаан эрвээхэй зэрэг шавьж жил болгон ингэж их хэмжээгээр нүүдэллэх болсныг дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотой хэмээн тайлбарладаг. Харин малчид энэ үзэгдлийг хахир хатуу өвөл болохын дохио хэмээн үзэж байна. Мөн иргэдийн ярьж байгаагаар баруун аймгуудын зарим сумдад царцаа их хэмжээгээр нүүдэллэж байгаа аж.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
1 comment
Сайтын сэтгүүлч гуай мэдээлэл тавихдаа аливаа байгууллагын нэр хүндэд халдахаа зогсоогоорой. Худлаа цуурхал итгэж хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл гэхээр зүйлгүй ердийн нэгэн шавьжны талаарх мэдээлэл хийхдээ эрдэмтэн мэргэдийг санаатайгаар гүтгэхээ зогсоогоорой.