“Ачит Ихт” ХХК нь 2014 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайгаас гарсан хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус, бага агуулгатай холимог хүдрийн нөөцийг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэлийг явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Мөн тус компани МУ-ын Засгийн газар, МҮХАҮТ-ээс шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр 2014, 2015, 2016 онуудад тус тус шалгарч байсан үндэсний томоохон татвар төлөгч аж. 40 жилийн турш хуримтлагдаж ирсэн, үйлдвэрлэлийн балансын бус овоолгыг байгальд ээлтэй аргаар ашиглах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулж, баялаг бүтээж яваа “Ачит Ихт” компани нь өөрийн давуу эрхийн хувьцааг хаалттай хүрээнд гаргахаар шийджээ.
Нэмж хэлэхэд, Лондонгийн метал биржийн стандарт хангасан 99,999 хувийн цэвэршилтэй “А” зэрэглэлийн катодын зэс үйлдвэрлэдэг тус компанийн хугацаатай давуу эрхийн хувьцааг “Ачит Ихт” ХХК болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудад зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байгаа ажил юм байна.
Б.Ням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин