Бразиль улсаас далайд гарсан Өмнөд Солонгосын тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болсныг албаныхан мэдээлжээ. Тус улсын Stellar Daisy нэртэй энэ онгоц 260 мянган тонны багтаамжтай бөгөөд нийт 312 метр урт аж. Хөлөг усанд живж байгаа тухай хөлгийн багийнхан өнгөрсөн баасан гаригт мессежээр мэдээлснийг Уругвайн албаныхан хэлжээ.
Хөлгийн багт 24 хүн (Филиппиний 16, Өмнөд Солонгосын найм) хоёр нь аврах завин дээр хөвж явсныг олж аварсан байна. Одоогоор сураггүй болсон 22 хүнийг хайж ажил үргэлжилж байгаа гэнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.