Хүүхэд эндэж гэнэ. Томчуудын буруугаас л боллоо. Эвий минь, яасан өрөвдөлтэй юм бэ. Орчин үед гар утаснаасаа харууслын ийм хэдэн үг эвлүүлж шидээд л болчихдог, мартчихдаг хандлага өнөөдрийн биднийг тодорхойлж байна. Асуудал бүрт бариад, хүлчихэж болдоггүй, хариуцлага хүлээлгэх боломжгүй хэргийн эзэн бий. Тэр бол өнөөх “Томчуудын буруу”. Томчууд гэдэг нь та бас би билээ.
ЗУРГААН САРЫН ДОТОР 411 ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ
Томчуудын буруугаас хүүхдүүд амь насаа алдаж, гэмтэж бэртэж байгаа хэргүүдийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдгийг та мэдэх үү. 2017 онд улсын хэмжээнд 55 хүүхэд осолд өртөж амиа алдсаны 47 нь суудлын бүс хэрэглээгүй буюу орон нутгийн замд эцэг эхтэйгээ автомашинд зорчиж явахдаа амиа алдсан байдаг. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд амиа алдаж, 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтээд байгаа тоон мэдээллийг Замын цагдаагийн албанаас авлаа. Нас барсан 11 хүүхдийн ес нь тээврийн хэрэгсэлд зорчиж байхдаа осолд орсон. Зөвхөн нийслэлд зургаахан сарын хугацаанд 411 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэний 103 нь машинд сууж явахдаа осолдсон байна.
Юу хэлэх гээд байна гэхээр эцэг эхчүүд тэднийг зориулалтын сандалд суулгаад, хамгаалалтын бүсийг нь зүүлгэчихсэн бол дээрх тоо хэд дахин багасах байлаа. Зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалж чадна гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд 0-16 насны хүүхдийг нэмэгдэл суудал, бэхэлгээгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг. Харамсалтай нь энэ дүрэм төдийлөн хэрэгжихгүйгээр үл барам эцэг эхчүүд жолоо барьж байхдаа нялх хүүхдээ урдаа тэврэх, ямар ч хамгаалалтгүй ганцааранг нь суулгах, зогсоох, толгойгоо цухуйлгахад хэнэггүй ханддаг нь хэвээр.
Манайхан хүүхдийн зориулалтын суудлыг заавал байх ёстой зүйл гэдгийг төдийлөн ухамсарлахгүй байна. Санал асуулгад хариулсан эцэг эхчүүдийн 90 хувь нь хүүхдийн зориулалтын суудал авах мөнгөгүй гэж хариулсан байх юм.
Зах зээлд чанартай, чанаргүй гээд олон төрлийн суудал 100-350 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Уг нь ганцхан удаа энэ мөнгийг гаргаад болзошгүй аюулаас хүүхдийнхээ амь насыг аварч үлдэх ухамсар л хэрэггэй байгаа юм. Хүүхдийн тань аминаас үнэтэй суудал гэж байх уу. Ямар сайндаа хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага нь хямдралтай үнээр машины суудал борлуулах ажил санаачилж байх вэ.
Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас ирэх сараас хувийнхантайгаа хамтран 60 гаруй мянган төгрөгөөр машины суудал худалдаалахаар болсон. Манайхан л болсон хойно, хэдэн даатгалын компанийн лобби гэж хардаж байна билээ. Лобби ч байна уу, юу ч байна аав ээжийнхээ өвөр дээр амиа алдаж байгаа бяцхан үрс л аврагдаж байвал хамаа байна уу.
ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЬЕ
Манайд 0-3 насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр, тусгай суудал, бэхэлгээгүйгээр тээвэрлэсэн бол 50 мянга, 3-16 насны хүүхдийг зориулалтын суудал, хамгаалалтын бүсгүйгээр тээвэрлэсэн бол 20 мянган төгрөгөөр торгох дүрэмтэй. Сүүлийн үед замын цагдаа нар энэ шаардлагыг хатуу тавьж байгаа. Харамсалтай нь машины урд суудалд хүүхдээ тэвэрч суусан эмэгтэй цагдаа харангуутаа хойно сууж байгаа ах, эгчид нь дүүг нь тэврүүлээд л өнгөрчих жишээтэй. Таны хүүхдийн амь насыг хамгаалахын тулд хэлж байгаа шаардлагыг биелүүлэхгүй гэж хэрэлддэг бүдүүлэг зангаа гаргасаар.
Панам: 150ам.доллар
Чили: 70-140 ам.доллар, 5-45 хоног эрх хасах
Испани: 200 евро, гурван оноо хасах
Уг нь заавал дүрэм журмаар далайлгах биш хувь хүний ухамсраар шийдэх асуудал билээ. Бидний даган дууриах дуртай гадаадад бол хүүхдийг зориулалтын суудалгүйгээр тээвэрлэнэ гэсэн ойлголт огтхон ч байхгүй. Бүр нас, насаар нь ангилсан тусгай стандартыг ягштал мөрдөнө. Хэрэв мөрдөхгүй бол өндөр хэмжээний торгууль төлнө.
Тухайлбал, Панамд торгуулийн хэмжээ 150 ам.доллар. Чилид бага насны хүүхдийг зориулалтын суудалд нь суулгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ойролцоогоор 70-140 ам.долларын торгууль ногдуулахаас гадна жолоо барих эрхийг нь 5-45 хоногоор хасч шийтгэдэг байна. Үүнээс гадна жолоочийн хажуугийн суудалд 12-оос доош насны хүүхэд суулгаж замын хөдөлгөөнд оролцвол мөн торгодог. Испанид 2015 оны аравдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж энэ төрлийн зөрчлийг хүндэд тооцож 200 хүртэл еврогоор торгож, гурван оноо хасдаг болсон.
Тэгвэл хүүхдийнхээ амийг машины суудлаас доогуур үнэлж байгаа монголчуудын хувьд өндөр торгууль шийдэл болж мэднэ. Мөнгөгүй гэсэн шалтгаан хэлж суугаа бидний түрийвчтэй яриад эхэлбэл арай өөрөөр харах юм болов уу. Хэлж ирдэгтүй зам тээврийн ослыг хэн ч урьдчилж мэдэхгүй. Үрсээ алдчихсаныхаа дараа “Надад суудал авах мөнгө байгаагүй. Хүүхэд маань тэврүүлэхгүй л бол уйлаад байсан юм. Багаас нь суудалд суулгаж сургаагүй” гэсэн шалтгаан хэлнэ гэдэг дэндүү харамсалтай биш үү.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
YU BOLOOOD BNA