ДАШТ-ий шөвгийн 16-д шалгараад байгаа шигшээ багаа хожуулахын тулд Оросын иргэд дор дороо залбирцгааж байв.Тоглолтын өмнө Оросын томоохон хэвлэл Комсомольская Правда Эрхүү орчмын бөө нарт үндэсний шигшээ багийнхаа амжилтыг дэмжих засал хийхийг уриалжээ.
Бөө Александр Тимуров ёслолын үеэр шигшээ багийн бүх тоглогчдын нэрсийг дуудаж, тэдний өвөг дээдсийн сүнснээс дэмжлэг хүссэн тухайгаа ярьжээ. “Хэрвээ өвөг дээдэс нь үр хүүхдүүдээ харж үзвэл Испаничуудын хувьд Оросын шигшээ багтай хийх тоглолт хэцүү байх болно” гэжээ.
Дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга Испаничуудыг хожино гэдэг Оросуудын хувьд хүнд даваа байв. Гэвч Ням гарагийн орой Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод тэд ялалт байгуулж чадав.