Өнөөдрийн байдлаар Нью-Йоркоос Лондон хүртэл долоон цагийн турш нисч очдог юм. Тэгвэл энэ хоёр хотын хооронд ердөө хоёрхон цагийн дотор нисч хүрэх боломж байгаа гэдгийг Боинг компанийн менежерүүд хэлж байна.
Тус компани хамгийн сүүлийн үеийн хайперсоник нисэх онгоцыг үйлдвэрлэхээр туршилтын ажлуудаа хийж байгаагаа олон нийтэд мэдээлэх үеэр ингэж мэдэгдсэн аж. 20-30 жилийн хугацаанд хэрэгжих энэ аварга том төсөл амжилттай болж хүн төрөлхтөн нисэх онгоцны шинэ үетэй танилцах тэр цаг үед зөвхөн Нью-Йорк, Лондон гэлтгүй дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл ердөө хоёроос гуравхан цагийн дотор нисч очдог болох гэнэ.
Боингийн хэвлэлийн төлөөлөгч Брайнна Жексон “Бидний туршилтын ажил амжилттай явагдаж байна. Хэдий хэрийн хугацаа орохыг өнөөдөр хэлж мэдэхгүй ч манай ирээдүйн супер онгоц зах зээлийн шаардлагыг хангах эсэхийг, мөн техник технологийн ямар шилдэг ололтуудыг цаашид шинээр ашиглах боломжтой вэ гэдгийг бид үргэлжлүүлэн судалж, хөгжүүлсээр байх болно.
Юутай ч манай инженерүүд ойрын арван жилдээ багтаж дуунаас хурдан ультра технологийг нэвтрүүлнэ” хэмээн сурвалжлагчид ярьжээ. Боингийн энэ шинэ төслийн талаар сонссон нисэх онгоцны мэргэжилтнүүд дуунаас хурдан технологийн нэн шинэ эрин үе эхэлж байна хэмээн дүгнэжээ.
Тус компани иргэний агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх хайперсоник онгоцны энэхүү төслөөс гадна дуунаас хэт хурдтай нисч чадах байлдааны шинэ онгоцны загварыг гаргаж дууссанаа мөн зарласан байна. Хатагтай Брайнна Жексоны хэлснээр Боингийн удирдлагууд өөрийн компанийн туршиж байгаа дуунаас хэт хурдтай технологийг АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагоныхонтой дуртайяа хуваалцахад бэлэн байгаа аж.
“Манай компанийг зорчигч тээврийн хайперсоник онгоц бүтээхээс өмнө батлан хамгаалах салбарынхан манай технологийг авч ашиглаад дуунаас хурдтай байлдааны онгоцууд бүтээгээд эхэлвэл бид лав дургүйцэхгүй. Учир нь бид эх орныхоо батлан хамгаалах салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулахад хэзээд бэлэн байх болно” хэмээн тэрээр ярьжээ.
Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс Америкийн баруун эргийн хотууд хүртэл бүтэн өдөр нисч очдогийг олон хүн мэднэ. Харин дуунаас хурдан онгоцны нэн шинэ үе эхэлснээр тив алгасан нисэх нь гэрээсээ зуслан руугаа очихтой адилхан хялбар явдал болж хувирах бололтой.
Эх сурвалж: CNN