Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
“УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд Та бүхэнд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой үг хэлье.
Хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаа энэ үест та бүхэнд хандаж үг хэлэхээс аргагүйд хүрлээ.
Юуны өмнө хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэх цалгар назгай хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг түгээмэл үзэгдлийн золиос болж цаг бусаар амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлье.
Сүүлийн үед дараалан гарсан эмгэнэлт хэргүүд бол хүүхэд хамгааллын бодлого орхигдсон, хүүхдийн хүчирхийллийн эсрэг Төр дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, асуудлууд далдуур хуримтлагдан ужгирч, бугшсаны ил гарч буй үзэгдлүүд юм. Би Ерөнхийлөгчийн албыг хүлээн авснаас хойш сүүлийн нэг жилийн турш өдөр бүр шахуу гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон талаарх мэдээлэл өглөө болгон хүлээн авч байна.
Сэтгэл түгшихээс аргагүй тоо баримтуудыг дурдъя. 2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өсчээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь зам тээврийн осолд өртсөн байна. Өсвөр насныхан амиа хорлосон тохиолдол сүүлийн 4 жилд 200-гаад гарчээ. 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тэдний дунд нялх балчир хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон. 948 хүүхэд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсний дотор хулгайн хэрэг 40 гаруй хувийг эзэлж байна.
Энэ бүхний нийгмийн уг үндэс, шалтгаан нь ядуурал, ажилгүйдэлд оршиж байгаа, хууль хэрэгждэггүй, төрийн албанд бүхэлдээ хариуцлагагүй байдал ноёлсонд оршиж байгаа. Энэ бүх хариуцлагагүй, золгүй явдлууд нь Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар Төрөөс дорвитой бодлого, шийдэл гаргахгүй, хариуцлагын тогтолцоог ажиллуулахгүй байгаагийн л үр дагавар гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна. Учир иймд нэн яаралтайгаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Үүнд:
Нэг, Хүүхэд хамгааллын хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх хэм хэмжээг бий болгох талаар заасан хирнээ өнөөдрийг хүртэл стандарт, хэм хэмжээгээ боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралдаа авч нэн яаралтай горимоор стандартыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах, мөрдүүлэх шаардлагатай байна.
Хоёр, МХГ, БСШУЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхэд хамгааллын зөвлөл, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд холбогдох байгууллага, бүтцүүд хамтран сургууль, цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тайлагнахыг анхааруулъя.
Гурав, Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагад 4 мянган хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг нормативыг тогтоосон. Гэтэл өнөөгийн байдлаар 17 мянгаас 19 мянган хүүхдэд нэг цагдаагийн албан хаагч ногдож байна. Энэ нь цагдаагийн албан хаагчдын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цаг, хүч хүрэлцэхгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Төсвийн боломж муу байгаа нөхцөлд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдийн нөхөрлөл, сүлжээг бүрэлдүүлэн туслалцуулах шаардлага тулгарч байна. Гэмт хэрэг гарах нөхцлийг арилгасан, хор уршгийг зайлуулсан, бусдын амар амгаланг сахиулахад иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн сайн дурын нөхөрлөл, иргэдийг сайшааж урамшуулах ажилд Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, Зөрчлийн тухай хуульд оруулж, хуульчлахыг та бүхнээс хүсье.
Дөрөв, Эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд хандсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх анхааруулга, санамж, сургалт зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, өрнүүлэх ажлыг хүүхдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэх үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс өрнүүлэхийг уриалж байна. Жилд 2500 хүүхэд халуун тогоонд түлэгдсэн, ахуйн осолд өртсөн мэдээ байгаа нь эцэг эхчүүдэд хариуцлагыг нь ухамсарлуулах, аюулгүй орчинг хангах гэгээрлийн ажил шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Хүүхэд хамгаалал бол эцэг эхийн төдийгүй бүх нийтийн үйлс болохыг ухуулан сэнхрүүлэх сурталчилгаа нөлөөллийн ажлыг өргөнөөр явуулж байж золгүй явдлаас сэргийлж чадна. Энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллага, хэрэгслүүдийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцоосой хэмээн уриалж байна.
Тав, 2012 онд цагдаагийн байгууллагын “Хүүхдийн байцаагчийн” орон тоог цомхотгосноос хойш хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх нь эрс нэмэгджээ. Сүүлийн 3 жилийн байдлаар 3633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4574 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. 2017 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан хэлэлцүүлгийн мөрөөр Цагдаагийн төв байгууллагад Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд өргөжүүлэн нийслэл, орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж байгуулах, орон тоо төсвийг гаргаж өгөх хэрэгцээ шаардлага бий. Хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах, нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Төрийн тэргүүний хувиар албан ёсоор та бүхэнд хатуу анхааруулан хэлж байна.
Зургаа, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудад заасны дагуу эдгээр хуулиудад үнэлгээ хийлгэж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхтэй холбоотойгоор амьдралаас урган гарсан зүйлсийг хуульд нэмж суулгаж өгөх ажлыг УИХ, түүний бүтцийн байгууллагууд нэн яаралтай хийхийг шаардаж байна.
Эрхэм гишүүд ээ, та бүхэнд тусгайлан танилцуулж байгаа дээрх 6 зүйл шаардлагын дагуу хийх, хэрэгжүүлэх ажил бүртэй би биечлэн танилцаж, хяналт тавьж ажиллалаа. Та бүгдийн сонгуульт хугацаа талдаа орлоо. Амласан, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа хийх, хэрэгжүүлэхийг сонгогчид тань хүлээж, шаардаж байна. Тийм учраас эн тэргүүнд хүүхэд багачуудад ээлтэй орчинг бүрдүүлэхийн төлөө сэтгэлээ чилээгээд, санаагаа нийлүүлээд ажиллаатахаач гэж хүсэж, шаардаж байна.
Мөн та бүхний мэдэж байгаачлан жилийн өмнөөс сүр дуулиантайгаар яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэрэг. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж чуулганы хуралдааныг завсарлуулах хэрэгтэй гэсэн саналаа хүргүүлж байна.
2018 оны зургадугаар сарын 26-ны өдрийн Вашингтон пост сонинд Монгол оронд сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг хэрхэн наймаалж буй талаар буюу “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар маш дэлгэрэнгүй нийтлэгдсэн байна. Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал дотоодын бус дэлхий нийтээр гарч, яригдаад эхэллээ. “60 тэрбумы” асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан талаар би сонссон. Энэ асуудлаа хэлэлцээд УИХ-ын ээлжит чуулганыг завсарлуулаасай гэж та бүхнээс хүсмээр байна. Баярлалаа” гэв.
Эх сурвалж: PRESIDENT.MN