Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны зургадугаар сарын 21-ний өдөр болж, нэр бүхий дөрвөн телевизэд хаяглан ирүүлсэн гомдлыг нягтлан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Эхний гомдлыг “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аас ирүүлжээ. Гомдол “Монголын эцэг эхийн үндэсний зөвлөл” ТББ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын талаар мэдээлсэн NTV телевизийн “NTV мэдээ” болон ТВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээний нэвтрүүлэгт хаяглагджээ. Гомдлын агуулга нь 2018 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Монголын эцэг эхийн үндэсний зөвлөл” гэх байгууллага тус ТББ-ын хийсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д витамины нөлөө” судалгааны талаар буруу ташаа, шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл бүхий хэвлэлийн бага хурал хийснийг мэдээлэхдээ ёс зүйн алдаа гаргасан гэж үзжээ.
Ёс зүйн хороо нь энэ гомдлыг NTV болон ТВ9 телевизүүдээс ирүүлсэн хариу тайлбарын хамт нягтлан хэлэлцээд “NTV мэдээ” нэвтрүүлгийн мэдээ нь хэвлэлийн бага хурлаар иргэдийн мэдээлсэн мэдээллийг олон талын эх сурвалжаар баталгаажуулсан, эх сурвалжаа тодорхой дурдсан, мэдээллийг гуйвуулаагүй, үзэл бодол оруулалгүй дамжуулсан байна гэж дүгнэлээ. Энэхүү дүгнэлтэд үндэслэн NTV телевизийн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Харин ТВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээний нэвтрүүлэг нь хэвлэлийн бага хурал хийсэн иргэдийн байр суурийг мэдээлэхдээ бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, иргэдийн буруутгаж буй байгууллагаас нягтлан тодруулаагүй, тэдэнд тайлбар өгөх боломж олгоогүй байна гэж дүгнэлээ. Тиймээс ТВ9 телевизийн редакцыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Дараачийн гомдлыг Улаанбаатар хотын Захирагчийн албанаас VTV телевизийн “Гэр” мэдээллийн хөтөлбөрт хаяглан ирүүлжээ. Гомдолд тус байгууллагын үйл ажиллагааны талаар ор үндэслэлгүй нотлох баримт ашиглан, худал мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн хэдэн удаагийн давталттай гаргаж, цахим орчинд байршуулсан гэжээ. Энэ гомдлыг VTV телевизийн редакцаас ирүүлсэн хариу тайлбарын хамт Ёс зүйн хороо нягтлан хэлэлцээд VTV телевизийн 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн “Гэр” мэдээллийн нэвтрүүлэг нь Улаанбаатар хотын ногоон байгууламжид том оврын мод тарьж ургуулж байгаа талаар мэдээлэхдээ нийгэмд тулгамдаж байгаа сэдвийг хөндсөн хэдий ч мэдээллийг нягтлан шалгаж, бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, таамаг гэдгийг дурдаагүй, эх сурвалжаас өөр өнцгөөр мэдээлэл авсан, буруутгагдсан өнцгөөр тайлбар аваагүй, мэдээндээ үзэл бодол оруулсан байна гэж дүгнэлээ. Энэхүү дүгнэлтэд үндэслэн VTV телевизийн редакцыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.5-д заасан “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг, 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг, 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Энэ удаа Ёс зүйн хороо нь нэгэн гомдлыг хэлэлцэхийг хойшлуулсан нь ECO телевизийн “Талита Ази” НҮТББ-ын үйл ажиллагааны талаар хийсэн эрэн сурвалжлах нэвтрүүлэгт хаягласан гомдол байлаа. Гомдол гаргагч уг нэвтрүүлэгтэй холбоотой асуудлаар Зөрчлийн тухай хуулийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 3.5 дахь заалтыг үндэслэн тус гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан шийдвэр гаргалаа
Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба