УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нэгдсэн эмнэлгийн байранд Монгол Улсад эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр БНСУ-ын 8 эмч, 60 туслан ажилтан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байсныг МХЕГ-аас шалгаж Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг битүүмжлэн, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Манай улсад гадны эмч нар сайн дурын болон бусад хэлбэрээр ажиллахдаа Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу лиценз, зөвшөөрөлгүйгээр ажиллах, баталгаажилт, бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслээр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангаагүй байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зөрчил гарч байгаа тул иргэдийг эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эмчээр, шаардлага хангасан орчинд, баталгаат эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлүүлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
Энэ төрлийн зөрчил, мэдээллийг МХЕГ-ын 1800-1286, НМХГ-ын 70128012 дугаарын утсанд ирүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлээс сэргийлээрэй.
Эх сурвалж: МХЕГ