Хорвоод бүх зүйл ээлжтэй гэдэг аргагүй л үнэн юм даа. Үлгэр жишээ Ардын нам хөдөлгөөнд, бүр донсолгоонд ордогийг хардаг л юм байна.1990-2005 оны хооронд МАН үнэхээр зүй орох зайгүй тийм гайхаж бишрэм эв нэгдэлтэй байлаа. Намынхаа нэр хүндэд халдах нь бүү хэл даргынхаа өмнөөс ширүүхэн харах зүрх зоригтон бараг байгаагүй.
2005 онд намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож хотын мэр М.Энхболд халааг нь авлаа. Улмаар экс даргынхаа УИХ-д сонгогдсон 65 дугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулав. Гэхдээ тэр ялалтад хүрэх зам шулуун байгаагүй. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж тус тойрогт болох нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшихээр санаархсан нь МАН-д таалагдсангүй. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг гараад ирнэ гэж битүүхэн эмээсэн хэрэг л дээ. 2004 оны сонгуулиар МАН 35, АН 36 суудал авч, Их эвслийн Засгийн газар байгуулаад байсан цаг. Ийм эгзэгтэй үед МАН-д нэг суудал асар үнэ цэнтэй гэдэг нь ойлгомжтой учир ямар ч үнээр хамаагүй намынхаа шинэ даргыг УИХ-д оруулж ирэх нь улстөрийн эрх ашгийн хувьд чухлаас чухал байлаа. Тийм учир хашир бурхинууд тун хорлонтой санаа бодож олоод АН-д тулгасан нь амжилтад хүрсэн юм.
Тэр нь эвслийн Засгийн газрыг огцруулах шантааж бөгөөд энэхүү “туйлаас мэргэн” санааг Ц.Элбэгдорж ч тэр, АН ч тэр эсэргүүцээгүй нь бас л улстөрийн учир шалтгаантай шийдвэр билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраа авч үлдэхийн тулд Ц.Элбэгдорж 65 дугаар тойрогт нэр дэвших санаархлаа орхисон гэсэн үг.
Ингэж М.Энхболд 70 гаруй хувийн саналаар ялалт байгуулж УИХ-д орж ирлээ. Улстөрийн байр сууриа улам бэхжүүлэх МАН-ын тактик тооцоолсон шигээ амжилттай урагшилж эхэллээ. Гэхдээ намын дотоод амьдралд нь өөр уур амьсгал хэдийнэ бүрэлдээд байв. Өөрөөр хэлбэл, Ө.Энхтүвшин, Ц.Оюунбаатар нарын “гомдогсод” “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” хэмээх жигүүр байгуулж, намын шинэчлэлийн тухай идэвхтэй ярьж байсан үе. Үүнийг нь намын даргын нэр хүнд, намын бодлого үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээний таагүй үзэгдэл гэж цочирдон хүлээн авах хандлага хүчтэй байв. Харин М.Энхболд асуудалд уян хатан хандаж, шинэчлэгчдийн амыг албан тушаалаар дарахыг чухалчилсан нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, хөдөлгөөнийхний хөдөлгөөн нам жим болж амарсан.
2006 оны 1 дүгээр сард Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулсны дараа МАН-ын шинэ дарга М.Энхболд Ерөнхий сайд болмогцоо Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилж, улмаар Хөвсгөлийн нөхөн сонгуульд илгээн УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломж олгосон нь ийм учиртай бөлгөө.
Гэхдээ жигүүрээс гадна өөр нэг аюул МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд М.Энхболдод заналхийлж эхлэв. Тэр бол нам дотроос гэхээсээ УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүдээс дэгдээсэн түймэр байлаа. Даргынхаа тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газрыг огцруулах санаачилгыг Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Т.Ганди, Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид тэргүүтэй 13 гишүүн гаргасан нь олон хүний дэмжлэгийг авч М.Энхболдыг намын даргаас нь мултлаад зогсохгүй Ерөнхий сайдаас нь огцруулж дөнгөсөн юм.
Үр дүнд нь С.Баяр МАН-ын дарга, Ерөнхий сайд болж, улстөрийн өнгийг ингэж өөрчилсөн дээрх “дайснууд” “элсний 13” хэмээх нэр хочтойгоор улстөрийн түүхэнд үлдэх нь тэр ээ. Энэ талаар Л.Одончимэд гуай “Хоржоонтой улстөр” номондоо “2007 оны хавар эрт нэг өдөр Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж нар манай өрөөнд орж ирээд намын рейтинг урд хожид байгаагүй дор орлоо. Энэ чигээрээ байвал 2008 оны сонгуульд ялагдана.
Бүгдээрээ зохион байгуулалтад орж шаардлага тавьж, намын их хурал хийлгэж, намын дарга, Ерөнхий сайдын ажлыг тусгаарлая. Намын даргад зөвхөн Их хуралд бэлтгэх ажил даалгаж бүгдээрээ туслая! Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулъя гэсэн сэдвээр бид хэд ярилцаж санал нэгдээд, маргааш нь би Женев руу олон улсын хуралд оролцохоор явсан юм. Долоо хоноод ирсэн чинь тэд 13-уулаа болчихсон байсан. Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү гурав дээр Т.Ганди, Ч.Улаан, Б.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид нар нэмэгдэн орж бас Р.Раш, Раднаа, Д.Дэмбэрэл, Н.Болормаа нарын олон дэмжигчидтэй болчихсон байлаа. Ингээд бид анхны хурлаа хийж Ч.Улааныг ахлагчаар сонгов” хэмээн тодорхой бичсэн байдаг.
Н.Энхбаярыг намын даргын суудлаа шилжүүлсэнээс хойш тус нам хөдөлгөөнд орж, хөдөлөгөөн нь зөрчилд хүргэх хэмжээнд хүртлээ өөрчлөгдөх болсныг энэ ганцхан жишээ харуулж байна.
Гэхдээ яг өнөөдөр МАН-ын дотоод амьдрал ямар харагдаж байна вэ, юу бодогдуулж байна вэ? УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагад нөлөөлж ийм дүгнэлт гаргачихаад УИХ-ын чуулганыг удирдана гэдэг бол өөрөө ёс зүйн хувьд боломжгүй юм. Энэ бүх зүйл цэгцлэгдтэл та үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэж, албан тушаалаасаа огцрох шаардлагыг таньд албан ёсоор бичгээр өгөх болно” хэмээн мэдэгдлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та бид хамтдаа энэ нийгмийн сайн сайхны төлөө, хурдтай шуурхай, шударга, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага байна. Нэг үгээр хэлбэл Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” гэж намынхандаа хандан уриаллаа. Д.Амарбаясгалангийн хувьд 60 тэрбум эвлүүлэг биш гэж олон нийтийн сүлжээгээр хүлээн зөвшөөрсөн хүний нэг. Энэ хоёр залуугийн нэг нь УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхийн төлөөлөл, нөгөө нь эрх баригч намын 2 дугаар хүн шүү дээ. Энэ утгаараа үг, үйлдэл нь зорилгоо тодорхойлж байна гэсэн үг. Яг ямар зорилго, эрх ашгийн төлөө тэд ийнхүү дуугарч байна вэ гэдгийг удахгүй өрнөх улстөрийн үйл явц тодорхой харуулах биз ээ.Ямартаа ч МАН-д задрал авчрах хэмжээний үл ойлгогдох “драм’ тавигдаад байна. Салж сарних нь бүү хэл эв нэгдлээрээ гайхуулж ирсэн МАН-д цаг нь болсон бололтой?
Эх сурвалж: Sonin.mn
3 comments
muu yoriin aluurchin luivarchin eh ornoo hudaldagch man sonovol mongoliin nuruu teniine
МАН – даа байгаа юм биш. Хүндээ байгаа юм. Албан тушаал ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх гэсэн өнгө мөнгөний сонирхолтой Ми.Энхболд мэтийн хүмүүс намыг муухай харагдуулах болсон юм аа. Цэвэрлэх зайлшгүй. Гэхдээ орыг нь зөв хүмүүс гарч байна уу гэдэг сонин. Ард нийтийн төлөө элэгтэй өнгө мөнгөний сонирхолгүй лидер хэрэгтэй цаг ирсэн шүү.
Түүхээ мэддэг хүн бол энэ намын байгуулсан гавъяа, алдаа оноог бодитой хэлнэлдээ. Зарим залуучууд ном уншихгүй сошел ертөнцийн худал үнэний цензүргүй мэдээлэлээр толгойгоо цэнэглэж мэдэмхийрэх нь их болжээ. Тун харамсалтай. Гэхдээ ухаалаг мэдлэг боловсролтой залуучууд дийлэнхи болж байгаа нь бас бахархалтай байна. Нам шинэчлэгдэх үйл явцыг түргэтгэх гээд шавартай хутгаж болохгүйээ. Монголын ард түмэн төр тогтвортой байж, одоо хонгилын үзүүрт ассан гэрэл гэгээг улам гэрэлтүүлж ард иргэдийн цалин, тэтгэврийг эхний ээлжинд нэмээдэхийг л хүсч байгаа. Түүнээс хэн нэг ухаантай даргын эрэлд гарч эсвэл шинэчлэгчид гарч ирж төрөөр тоголохыг ерөөсөө хүсээгүй. Эдийн засаг сэргэх өнгө аяс орж, том төслүүд хөдөлж эхлэхтэй зэрэгцэн “бэлэн болсон хоолруу шүлс үсэргэн дайралт хийх” улс төрийн өөрчлөлт штнэчлэлтийг М онголын ард түмэн хүсээгүй шүү.