Сүүлийн хорь гаруй жилийн дотор монголчууд бид нэг зүйлд онцгой “даслаа”. Юунд гэхээр, бидний олонхын “Шоронд гагцхүү хамгийн болохгүй, бүтэхгүй гэсэн болгоныг хийж явдаг хүн хоригддог. Тийм адгийн үйлдлийг үйлдэгчид бол ихэвчлэн боловсролгүй, танхай балмад араншинтай, нийгэмд адлагдсан этгээд байдаг” гэсэн ойлголт өөрчлөгдөж, харин ч эсрэгээр хамгийн мундаг гэгдэгчид, нөгөө “цагаан захтнууд”, улстөрч, сайд дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд ч гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт холбогдох болсонд огтхон ч гайхахаа байжээ.
Авлига, албан тушаалын хэрэг гэсэн шинэ нэр томъёогоор хуулийн хэллэг баяжлаа. Харин нэг зүйлд огт дасахгүй байна. Өндөр албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдсэн ч, хуулийн дагуу эдэлвэл зохих зэм,шийтгэл, ял барагтай бол авдаггүйд дасахгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийг шударгаар хэрэглэхгүй байгаад дасахгүй байгаа юм. Түүнээс гадна жирийн иргэнээс ялгаатай нь ямар нэгэн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хэн боловч, шалгагдаад эхэлмэгцээ л ямагт эрүүл мэндээр доройтон, үхэх сэхэхийн заагт амь нас нь дэнжигнэж, санжиганаад ирдэг нь үнэнхүү гайхаш бардаг болсон.
Ийн өгүүлж байгаагаараа хүний мууд дурлаж байгаа юм биш ээ! Нээрээ улстөрчид, эрх мэдэлтнүүд ямар нэгэн хэрэгт холбогдсон л бол бүгд адилхан “үхлийн ирмэгт” хүрсэн нэгэн болчихоод байдаг нь энэ чиглэлийн судлаач нарт магадгүй хамгийн сонирхолтой сэдэв байж болмоор санагддаг. Үүнийг нэгэнт хөндсөн болохоор эхлээд хүний эрх, эрх чөлөөний тухай болон түүний зарим нэг хязгаарлалтын талаар дурдах нь зөв болов уу. Мэдээж энэ талаар өгүүлсэн олон мянган хуудас хууль, дүрэм бий. Тэдгээрийг амны уншлага болтол цээжлэх нь иргэн бүрийн үүрэг биш ч, хуулийн дагуу л бид бүгдээрээ амьдрах ёстой.
Тиймээс иргэд өөрийн эдлэх эрхийн хэм хэмжээг мэддэг байх нь хамгаас чухал гэж би боддог. Зүгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд уншиж, судлан танин мэдэхэд хэцүү энэхүү олон дүрэм журам, хэм хэмжээний тухайд хамгийн энгийнээр “Өөрийн чинь эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг” хэмээх афоризмаар хураангуйлж ойлгочихож болмоор юм шиг санагддаг. Энэ хязгаарыг давж гарснаараа эрх, эрх чөлөөгөө хасуулж, дүрэм журмын диктатур дор амьдарч байгаа иргэн олон бий.
Тодорхой тайлбарлавал, бусдын эрх, эрх чөлөө болоод төрийн хууль, цааз, дүрмийг зөрчиж, эрхээ хязгаарлуулсан иргэн хэн боловч ялтан болдог. Тиймээс нийгэмд эдлэх эрхээ хасуулсан ялтан хэн боловч шоронд “хүмүүжих” ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл гэмт үйлдэлд холбогдсон албан тушаалтнууд яагаад ийн “хүмүүжиж” болдоггүйг л гайхаад байна. Ийм олон тохиолдлын эздийг нэр,овог, албан тушаал, факттайгаар нь нэрлэн жагсааж болох хэдий ч, монгол хүн бүр бараг бүгдээрээ мэдэх хойно дэмий цаг зав барсан хэрэг болох биз ээ. Юутай ч хүний эрхийн хүрээнд авч үзвэл, ялтан нийгмээс тусгаарлагдсан ч, цаашид нийгэмших эрхээр хангагдах, баталгаатай амьд явах зэрэг олон эрхээ эдлэх учиртай.
Гэхдээ манай улсын засан хүмүүжүүлэх, цагдан хорих, түр хугацаагаар саатуулах байранд хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагддагт олон хүн эргэлздэг. Эргэлзэх болсны нэг шалтгаан нь эв эрүүл, сав саруул, тарган цатгалан малилзаж, гялалзаж явсан өндөр албан тушаалтнууд хоригдоод сар бололгүй эмнэлэгт дамнуулан хүргэгддэгт байна. Энд тэднийг үнэхээр үхэхээс наагуур болтол нь эрүүдэн шүүж тамлаад байна уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирдэг. “Үгүй” гэж хууль, хүчнийхэн харин хариулдаг. Хачин байгаа биз.
Албан тушаалтнуудын эрүүл мэнд хоригдож шалгагдаад ирэхээрээ мууддаг нь ямар учиртай байна вэ
Үүнийг магадлахын өмнө доорх тоог танилцуулъя. Монголд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Тогтоол гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийн дагуу хэн нэгнийг баривчлах, цагдан хорих болон хорих ялыг албадан эдлүүлэх үүргийг хэрэгжүүлдэг.
Тус байгууллагын хэмжээнд гяндан, онцгой дэглэмтэй хорих, баривчлан ял эдлүүлэх анги тус бүр нэг, жирийн дэглэмтэй хорих болон чанга дэглэмтэй хорих анги тус бүр 11, цагдан хорих байр 26, баривчлах ял эдлүүлэх байр 13 байна. Нийт 600 байр, байгууламж, 64 нэгжид хорих үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Энэ бүх байгууламжид өнөөдрийн байдлаар ял авсан 3600 хүн хоригдож байгаа гэсэн статистик миний урд байна.
Харин урьдчилан хориход хоригдож, шалгагдаж байгаа 800 хүн байдаг юм байна. Шүүхээр орж ял эдлээгүй бол эдгээр 800 хүнийг хэн ч ялтан гэж хэлэх эрхгүй юм.Тэдний талаарх бүх мэдээлэл, тэр тусмаа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл нь нууц байх учиртай байдаг. Гэтэл сүүлийн таван жилээр жишээ татахад урьдчилан хориход авлига, албан тушаалын хэрэгт холбогдон саатуулагдаж шалгагдсан хорь гаруй албан тушаалтан бүртгэгдсэн байна. Хамгийн гайхмаар нь тэдний эрүүл мэнд үнэн “найгүй” болчихсон байсан нь нийтэд задарчихсан байна л даа. Тэдгээр нь бүгд л шалгагдаж байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж, улмаар “шоронгоос” гадуур шалгагдахаар болсон байдаг юм. Харин энэ хугацаанд өндөр албан тушаалтан бус дөрвөн хүн л урьдчилан хорих байрнаас эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлжээ.
Эндээс харахад “Монгол Улсын төр зүтгэсэн хүмүүстээ халтай” гэдэг үг үнэн ч юм уу гэж бодогдохоор. Гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед Анандын Амар агсны хэлсэн энэ үгийг өнөө цагийн улстөрчид асар хэлэх дуртай болчихсон байх юм. Тэр тусмаа ямар нэгэн асуудалд холбогдохоороо гүнээ санаа алдаж байгаад хэлэх нь өөрсдийгөө өрөвдүүлэхийг хүсээд ч байх шиг санагдах болсон.
Нөгөө талаар дээр дурдсан баримтад тулгуурлаваас Монголын төрд зүтгэгсэд эрүүл мэндийн хувьд муу, архаг хууч өвчинд баригдсан, сул дорой, нэн ядруу, ачаалал даах чадваргүй байдаг юм байна гэсэн ойлголт хэн бүхэнд төрж байна. Уг нь төрд зүтгэж, төрийн бодлогыг түшнэ гэдэг нь босож суусан найман цагаар хязгаарлагддаггүй, хүмүүний бие, сэтгэл, оюун ухааны бяд, бярыг жинхэнэ шавхаж, чилээсэн цаг наргүй хүнд агаад хариуцлагатай алба бас үүрэг гэж ойлгогддог.
Тиймээс төмөр шиг биетэй, болор мэт саруул тунгалаг оюун ухаантай хүмүүс сонгогдох байтал ийм сул дорой, өвчин эмгэгтэй гэдгээ нуусан нөхдүүдээр бид төр,засгаа жолоодуулж ирсэн байж таарах нь. Хэрэв “Эрүүл биед саруул ухаан оршдог” гэх Монгол ухаан үнэн аваас зайлшгүй хөндөх ёстой асуудал энэ мөн байх болов уу. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байсан байх л даа.
Мэдээж эрх чөлөөгөө хязгаарлуулж, цоож цуургатай өрөөнд хоригдон, харуул хамгаалалт дор амьдрахыг хэн хүсэх билээ. Ийм байдалд орсон бол нэг өдрийн ч өмнө болтугай мултрахыг хэн ч бодож таарна. Эрхэм албан тушаалтнуудын эрүүл мэнд ийм зохиомол шалтгаанаар “муудан” зэм, ялаас мултраад байдаг бол жирийн иргэдийг яах ёстой болж байна.
Тэд ч гэсэн хүн л юм хойно хоригдож, түгжигдэж, шалгагдаад ирэхээрээ сэтгэл санаагаар унадаг, хямардаг бие хаа нь өвддөг л байж таарна. Тийм тохиолдолд тэднийг яадаг байх нь вэ? Тодорхой албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө чинээгүй байдаг болохоор хаалттай бүсийн цаана хамаг зовлонгоо чимээгүй эдлээд үхэх, сэхэхээ тэнсэн байж байдаг байх нь уу, гэсэн олон олон ээдрээтэй асуулт хариултгүй байсаар өдийг хүрч байна. Уг нь бичлэгийн сэдэв цаг үеэ олсон бол нэн донжтой.
Гэхдээ ямар нэгэн тодорхой цаг хугацаанд хайрцаглагддаггүй хэзээ ч, хэдийд ч хөндөж болох сэдэв гэж байдаг. Тэгэхээр тэрлэж буй сэдэв маань ийм ангилалд хамаарах болов уу гэсэн итгэл үнэмшил байлаа. Яагаад вэ, гэдгээ тайлбарлах учиртай. Монголчууд маш олон зүйлд бухимддаг боллоо. Түүний нэг бол ямбыг нь эдлээд, ялаа үүрч чаддаггүй энэ олон эрх мэдэлтнүүдийн цагаа тулахаар арчаагүй болдог хөгийн төрх байдал нь юм. Бидний энэ их оволзсон уур, бухимдал заримдаа юу юугүй дэлбэрэх гэж байгаа галт уулыг санагдуулдаг. Тэгээд энэ байдлаараа удаад байвал нэг л өдөр зад тавин дэлбэрнэ л дээ.
Яг үнэндээ бидний 1990 оны Ардчилсан хувьсгалаар олж авсан хамгийн үнэ цэнэтэй болгон тухайн үеийн Улсын бага хурал байхгүй болсон цагаас эхлээд хөсөр хаягдсан гэж боддог хүний нэг би билээ. Улс орныг хэн дуртай нь удирдаж болно гэсэн ойлголтоор 30 шахам жил замналаа. Сайн дурын “уран сайханчид” бөөн бөөнөөрөө гарч ирээд төр, засгийн жолоон дээр өдий олон жил “айл гэр” болж тоглоцгоолоо. Тэдний дотор ингэхэд ер нь эрүүл хүн байна уу.
Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин