Сэлэнгэ аймгийн нутаг Сүхбаатар сумын Орхон голд живж байсан хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ. Өчигдөр орой 17:10 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын аврах багийг очиход тус сумын харьяат иргэн 24 настай Г, Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй живж байсныг уснаас гарган Цагдаагийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч Б.Анхбаярт эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухай гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.