Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тагнуулч асан Эдвард Сноуден өчигдөр 35 нас хүрлээ. Америкийн нууц албаны булхайг илчилж, 2013 онд АНУ-ын Засгийн газраас дэлхийн сая сая хүмүүст томоохон хэмжээний мөрдлөг явуулдаг тухай хэд хэдэн хэвлэлд баримт дамжуулсан тэрбээр 1983 оны зургаадугаар сарын 21-нд Хойд Каролинагийн Элизабет-сити хотод төрсөн юм.
Тэрбээр өөрөө шалгагдахаас зугтаж явсаар эцэст нь Орост иржээ. Түүний хувьд төрж өссөн эх орондоо очиж чадахааргүй болсон. Учир нь АНУ түүнийг тагнуул хийсэн, төрийн өмч хулгайлсан хэрэгт буруутгаж, хэрэг үүсгээд байгаа юм. Хэдий тийм боловч тэрбээр зугтаж өнгөрүүлсэн цаг хугацаагаа зүгээр өнгөрүүлээгүй юм. Алдарт илчлэгч өдгөө юу хийж байна вэ.
Дэлгэцээс салдаггүй “даяанч”
200 мянган ам.доллар. “The Guardian”-ы мэдээлж буйгаар Үндэсний аюулгүй байдалд ажиллаж байхдаа Эдвард Сноуден жилд ийм хэмжээний орлоготой байжээ. Yahoo news”-ийн бичиж буйгаар тэрбээр 2016 онд дэлхий дахинаа зохион байгуулагдсан төрөл бүрийн лекц, симпозиумд оролцохдоо төдий хэмжээний орлого олсон байна.
Хэдийгээр аюулгүй байдлын үүднээс Сноудены хаана байрлаж буйг олноос нууцалж байгаа ч түүнийг даяанчийн амьдралаар амьдардаг гэж хэлэх боломжгүй юм. Харин ч эсрэгээрээ түүний царай технологийн эрхийн хамгаалалтай холбоотой бага хурлуудад байнга үзэгдэж, түүний анхаарлыг Оливер Стоуны түвшний том том найруулагчид татаж, Засгийн газрын төлөөлөгчид аюулгүйн асуудлаар түүнтэй зөвлөлддөг аж.
Тагнуулч асны оролцдог арга хэмжээний хүрээ нэлээд том. Түүний нүүр царай Токиод болох хувийн мэдээллийн аюулгүй байдлын бага хурлын дэлгэцэнд ч гарч л байна. Бас Сан-Диего дахь Сотю-соп олон улсын залуучуудын соёлын үзэсгэлэнд үг хэлж, түүний араас Европт болох хөгжмийн наадамд оролцож байх жишээтэй.
Сноуден үнэндээ үргэлж алсын зайнаас мөнгө олдоггүй. Гэхдээ Америкийн засаг захиргаа түүнийг тав дахь жилдээ “эх орныхоо нууцаар амь зууж байгаа” гэж шүүмжилж байна. “Миний үзэж байгаагаар тэр манай Засгийн газар, манай Үндсэн хуульд өргөсөн тангаргаа зөрчсөн. Үүнийхээ төлөө шагнал авч байгаа нь гунигтай, буруу юм” хэмээн 2016 онд ТТГ-ын захирал асан Жон Бреннан мэдэгджээ.
Харин Сноудены талынхан үүнээс өөр арга зам байгаагүй гэж өмгөөлдөг. Түүний хувьд ихэнх хуримтлалаа Орост авч ирж чадахааргүй болсон. Гэтэл ямар нэгэн байдлаар амь зуух хэрэгтэй. Хэрвээ тэр бие даан мөнгө олж чадахгүй бол түүнд Москвагийн халамжинд байдаг тагнуулч гэх шошго наах нь гарцаагүй билээ. Тэгээд ч лекц уншиж, амь зогоох мөнгө олох нь юу нь буруу байх билээ. Америкт ч гэсэн эх орондоо тайван амьдарч байгаа тагнуулчид аюулгүйн сэдвээр илтгэл тавьж мөнгө олохыг хууль ёсных гэж үздэг байна.
Таван жилийн хугацаанд Орос даяар тэнэжээ
Хамгийн гол нь Орост амьдарсан энэ таван жилийн хугацаанд Сноуден нэг ч удаа амьдаар гарч ирж байгаагүй юм. Нэгэн удаа нэг гэрэл зурагчин түүнийг Оросын нийслэлд голын эргээр зугаалж яваа зургийг нь санамсаргүй даржээ.
Сноудены өмгөөлөгч Анатолий Кучерены мэдээлснээр нууцыг илчлэгч Москвагийн энгийн нэгэн хөлсний байранд амьдарч, хот хооронд метрогоор явж, хүнсний бүтээгдэхүүнээ жирийн дэлгүүрүүдээс авдаг гэнэ. Энэ таван жилийн хугацаанд тэрбээр Оросын өнцөг булан бүрт очиж үзсэн бөгөөд Санкт-Петербургт хэд хэдэн удаа аялсан нь ихэд таалагдсан гэжээ.
Мэдээж Орост амьдрахад өртөг хямд бус. Тэгээд ч ганц лекцээр олдог орлого нь түүнд хүрэлцэхгүй байсан гэнэ. Тиймээс ч Сноуден олон улсын томоохон корпорациудын нэгэнд нь IT-ийн аюулгүй байдлын зөвлөхийн ажилд орох санал тавьжээ. Үүний зэрэгцээ тэрбээр “Haven” гэх мөрдлөгөөс хамгаалах хувийн программ хангамж зохион бүтээжээ. Уг программ хангамжаа 2017 оны арванхоёрдугаар сард “Freedom of the Press Foundation” байгууллагатай хамтран гаргасан байна. Уг программ нь зөвхөн компьютер, гар утасны бүхий л мэдээллийг шифрлэж, нууцлаад зогсохгүй орон гэрийг хүртэл хамгаалдаг. Гар утасны өгөгдөл нь гэрт нь хэн нэгэн орсон тохиолдолд өрөөнд ямар нэгэн өөрчлөлт гарч байгааг эзэндээ дамжуулдаг.
Орост Сноудентэй хамт түүний найз бүсгүй Линдси Милс амьдарч байгаа аж. Хэдэн жилийн өмнө Америкийн хэвлэлүүдээр тэднийг салсан тухай мэдээлж байсан ч Сноудены тухай кино хийсэн найруулагч Оливер Стоун уг мэдээллийг үгүйсгэжээ. Аав нь хүртэл Орост хүүгээ эргэн ирж, түүнийг эх орондоо буцахыг ятгаж байсан гэдэг.
Оргуул босгуул гэртээ харих уу
Орост ийм удаан хугацаагаар амьдарсан Сноуденыг Оросын тусгай албанд ажилладаг ч гэж буруутгасан мэдээлэл гарчээ. Тэрбээр өөрөө ч, Оросын Ерөнхийлөгч ч үүнийг үгүйсгэсэн боловч сэжиглэсэн хүмүүсийг тайвшруулж огт чадаагүй.
Жишээ татахад, Германы сөрөх тагнуулын тэргүүн Ханс-Георг Маасен 2016 онд Сноуденыг “Барууны эсрэг Оросоос явуулж буй эрлийз дайны нэг хэсэг” хэмээсэн байна. Улстөрчийн баталж буйгаар Оросын гадаад тагнуулын алба америк эрийг Үндэсний аюулгүй байдлын агентлагт элсэхээс нь өмнө өөртөө ажиллуулж байсан гэнэ. Олон улсын олон нийтийн санаа бодолд Сноуден идеалист ганцаардагч болсныг Маасен мэдээллийн системийн ажилд Оросын “амжилтын оргил” хэмээсэн байна.
Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын агентлагийн илчлэгч эр оросуудад үйлчилж ажилладаг байсан юм бол яагаад Орост амьдарч байхдаа Оросын төр засгийг үе үе шүүмжилнэ гэж. Сноуден интернетийн салбарт хууль ёсны хязгаарлалт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, Telegram мессенжэрийг хаасныг буруушаасан билээ. Тэрбээр Оросоос гарч, Латин Америкийн аль нэг оронд бүр мөсөн амьдрах юмсан ч гэж нэг бус удаа хэлж байсан.
Тэр ч байтугай Сноуден шүүх үйл явц ил болно, шүүгдэгчид шүүхэд ил оролцоно гэвэл АНУ-даа эргэн очиж, шүүхийн өмнө зогсоход бэлэн ч хэлж байлаа. Гэвч тэр өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед ч, өнөөгийн Цагаан ордны тэргүүн Дональд Трампын үед ч ийм баталгаа авч чадаагүй юм. Түүнийг эх оронд нь том том хүний эрхийн байгууллагууд, Холливудын одод, тэр ч бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Берни Сандерс тэргүүтэй хэд хэдэн улстөрч дэмжиж байгаа билээ.
Трампыг засгийн эрхэнд гарахтай зэрэгцээд Америкийн нэр бүхий хэвлэлүүдэд Кремль Сноуденыг Трамп “бэлэг” маягаар өгнө гэж ч бичиж байлаа. Гэвч энэ нь ээлжит “фэйк ньюс’’ болж таарсан юм. Оросын засаг захиргаа харин ч тагнуулч асны амьдрах визийг нь сунгажээ.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: Өглөөний сонин
1 comment
эрлийз дайн гэж орчуулаад байнаа, арай л буруу орчуулга байна