Урлаг, Спорт

Наадмаар видео технологи ашиглаж магадгүй

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталжээ. Энэ нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм.

Эх сурвалжийн мэдээлснээр наадмын барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан гэнэ. Тухайлбал, барилдааны хугацаанд өөрчлөлт орсон. Мөн шөвгийн 32-т шалгарсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд оруулдаг байсныг наашлуулжээ. Өөрөөр хэлбэл, таваас доош давсан бөхчүүд ч шинжилгээнд хамрагдана гэсэн үг.

Чухам яг хэд давсан бөх шинжилгээнд хамрагдах нь тодорхой бус байна. Үүнээс гадна энэ жилийн наадамд видео технологийг ашиглаж магадгүй бололтой. МҮБХ өнгөрсөн гуравдугаар сард ээлжит “Их Эе” хурлаа хийхэд түүнд оролцсон гишүүдийн олонх нь бөхийн барилдаанд, тэр тусмаа наадам, цагаан сарын барилдааны үеэр ямар нэгэн маргаан, будилаан гарвал видео бичлэг ашиглах технологийг нэвтрүүлэх санал дэвшүүлсэн байдаг.

Тэгвэл энэхүү саналыг Ардын хувьсгалын 97 жилийн ойн наадмаас эхлэн хэрэгжүүлэх бололтой. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооноос тодруулах гэсэн боловч “Ирэх Даваа гарагт шинэчилсэн дүрмийн талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаар урьдчилсан байдлаар товлосон. Тэр болтол нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдэв.

Хоёр холбооны бөхийн маргаанаас болж наадмын бөхийн барилдааныг хэн нэгэн бойкотлох вий гэсэн болгоомжлол, хардлага бөх сонирхогчдын дунд бий. Тэгвэл Баяр наадмын комиссоос “Төрийн бус байгууллагын маргаанаас болж төрийн наадам завсардах, саатах учиргүй.

Төр мэдлийнхээ хүрээнд наадмаа зохион байгуулдгаараа зохион байгуулна. Барилдах эсэх нь бөхчүүдийн мэдэх хэрэг. Хэсэг бөх барилдахгүй байлаа гээд бөхийн барилдааныг хойшлуулахгүй. Монголд үндэсний бөхөөр барилддаг, наадамдаа зодоглох хүсэлтэй олон бөх байгаа” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close