Өчигдөр буюу (2018.06.20)-нд захиалгат аллагын бүлгийн толгойлогчийг Австриас ОХУ-д шилжүүлсэн байна. ЗХУ-ын Гүржийн уугуул Аслан Гагиев 2004 онд 50 гаруй гишүүнтэй захиалгат аллагын бүлэг байгуулжээ.
Нийтдээ 60 гаруй удаагийн аллагатай холбоотой гэгддэг гэмт хэргийн бүлгийн боос Аслан Гагиевыг Оросын орчин үеийн түүхэнд хамгийн том захиалгат аллагын эзэн гэж үздэг. Түүнийг Орост олон тооны гэмт хэрэгт буруутган шүүх бөгөөд бүх насаар хоригдох ял авах нь тодорхой болжээ. Гагиев 2013 онд ОХУ-аас зугтаж, 2015 онд Вена хотод баригджээ.
Хэвлэлүүдээр “алуурчдын арми” гэж нэрлэгддэг байсан түүний бүлэг голдуу Хойд Осети, Москва орчимд захиалгаар хүн алдаг байжээ. Тэдний хохирогчдын дотор Владикавказ хотын дарга Виталий Караев, Хойд Осетийн дэд захирагч Казбек Пагиев болон хуульчид, банкирууд, бизнесмэнүүд багтаж байна.
Алуурчдын бүлгийн 20 хүнийг хуулийнхан баривчилж, 13-ыг шалгаж байгаа бол есөн гишүүн нь баригдалгүй зугтажээ.