Өнөөдрийг хүртэл сансар судлалын салбарт ОХУ, АНУ гэсэн хоёрхон улс үнэмлэхүй ноёлж ирсэн. Тэдэнтэй өрсөлдөж чадах цөөхөн улсууд байгаа нь Энэтхэг, Хятад хоёр юм. Хятадуудын хувьд тэд сансарт хүнээ илгээгээд амжсан ч энэ салбарт орос, америкчуудаас хол хоцорсон гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг гэж болно.
Харин энэтхэгчүүдийн хувьд технологийн болон хүний нөөцийн боломж сайтай хэдий ч орос, америкчуудтай өрсөлдөх нь байтугай хятадуудынхаа араас хөөж хүчрэхгүй, дээр нь өөрсдөө ч энэ салбарт өрсөлдөх сонирхол багатай улсууд. Гэвч сансар огторгуйг эзэмшихийн төлөөх тэмцэлд өрсөлдөгчгүй ноёлсоор ирсэн орос, америкчуудын хувьд тайван суудаг цаг нь өнгөрч буй бололтой.
Учир нь Европын холбоо хэмээх нэг шинэ өрсөлдөгч сансар судлалын салбарт ойрын ирээдүйд тодрон гарч ирэх нь нэгэнт ойлгомжтой болчихлоо. Европын сансар судлалын агентлаг үйл ажиллагаагаа өргөжүүлж, европын хэд хэдэн улсыг эгнээндээ нэгтгээд байгаа бөгөөд тэд 2021-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрөө саяхан албан ёсоор баталлаа.
Уг хөтөлбөрт Galileo, EGNOS хэмээх хоёр ч хиймэл дагуулын системийг шинэчлэн сайжруулах замаар шинжлэх ухааны олон сонирхолтой туршилтуудыг хийх боломжтой талаар тусгаснаас гадна “Хүрээлэн буй орчин, аюулгүй байдлын глобал судалгааны систем” хэмээх Европын холбооны эртнээс хэрэгжүүлсэн үүр дүн муутай төслийг шинэ шатанд гаргаж, өргөжүүлнэ хэмээн заажээ.
Европын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Европын сансар судлалын агентлагийн ерөнхий захирал нар өөрийн биеэр гарын үсэг зурсан энэ том төсөлд эхний ээлжинд харьцангуй даруухан буюу ердөө 12-16 сая еврог зарцуулахаар төсөвлөөд байгаа хэдий ч энэ нь европчууд сансар судлалын салбарт орос, америкчуудтай эн тэнцүү өрсөлдөнө гэдгээ зарлан тунхагласан эхний алхам боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.
Европын улсуудын дийлэнх нь шинжлэх ухааны хөгжлөөрөө дэлхийд боломжийн түвшинд бичигддэг хэдий ч сансар судлалыг бие даан хөгжүүлэх тал дээр Франц, Герман зэрэг цөөхөн улсыг эс тооцвол ОХУ, АНУ-аас хол хоцорцгоосон байсныг хэлэх хэрэгтэй. Тиймээс Европын сансар судлалын агентлагаас хэрэгжүүлж буй энэ том төсөлд нэгдэн орох сонирхол европын ихэнх улсын эрх баригчдад байгаа юм.
Одоогийн байдлаар Франц, Герман, Их Британи, Итали, Испани гэсэн европын хамгийн хүчирхэг таван орон 2027 он хүртэл сансар судлалыг хөгжүүлэх энэ лут төсөлд нэгдээд байна. Төсөл цаашид хүрээгээ тэлж өөр хүчирхэг улсуудаар эгнээнээ өргөжүүлэх нь дамжиггүй бөгөөд хэдхэн сая биш, хэдэн тэрбум еврог сансар судлалын төлөө зарцуулах боломжтой хэмээн Европын сансар судлалын агетнлаг үзэж байгаа аж.
Дөнгөж эхлэл нь тавигдаж буй энэ төсөлд үнэхээр олон тэрбум еврог зарцуулаад эхлэх юм бол европчууд сансар огторгуйг дангаараа эзэмших сонирхолтой орос, америкчуудын замд том садаа болно гэсэн үг. Ийм тохиолдолд ОХУ, АНУ хоёр Европын холбоотой сансар судлалын салбарт хамтран ажиллахаас өөр аргагүй болох нь дамжиггүй.
Эсвэл яг л хүйтэн дайны үеийнх шиг хэн нь сансар огторгуйд ноёлох вэ гэсэн эцэс төгсгөлгүй тэмцэл эхэлнэ гэж ойлгож болно. Эцэст нь АНУ-ын хөрш Канад улс Европын холбооны энэ аварга төслийг дэмжиж хамтран ажиллахаар болсныг хэлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Lenta.ru, Google