УИХ-ын гишүүн А.Сүхбат Монголын үндэсний бөхийн холбооны маргаан, Их эеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Монголын үндэсний бөхийн холбооныхон маргаантай асуудалд цэг тавих үүднээс өнгөрсөн баасан гарагт уулзжээ.
Уулзалтаар бөхийн холбоо эв зүйгээ олж, баяр наадмаа сайхан зохион байгуулах, наадмын дараа Их эе хуралдааныг зохион байгуулж, шинэ удирдлагаа сонгох нь зүйтэй гэж ярилцаж, тохиролцсон байна. Түүнийг мэдээлэл хийсний дараа Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч тайлбар хийсэн. Учир нь УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээллийнхээ үеэр Үндэсний их баяр наадмаар бөхчүүдийн дунд үймээн үүсч, зарим бөх барилдахгүй бол хариуцлагыг нь Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хариуцна гэсэн юм.
Ингээд тэдний байр суурийг хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ: БӨХЧҮҮДИЙГ ХАЛХ, ДӨРВӨД, ЗҮҮН, БАРУУН АЙМГУУДААР НЬ ЯЛГААД БАЙВАЛ БАРИЛДАХГҮЙ ШҮҮ
-Санал нэгдээгүй гэдгээ эвлэрэх хуралд оролцсон гишүүд юу гэж тайлбарласан юм бэ?
-Үндэсний их баяр наадам хаяанд тулсан ийм үед зөв зүйтэй сайхан зохион байгуулж, Монгол бөхчүүд эвдрэлцээгүй, Их эеээ амжилттай зохион байгуулах асуудлыг ярилцсан. Хоёр талаас уулзсан бөхчүүдээс ямар ч эсэргүүцсэн байдал гараагүй.
-Тавдугаар сард болсон Их эе хуралдаанд танай талыг төлөөлсөн хуралдаанд яагаад хэн ч оролцоогүй юм бэ?
-Бид тэр хуралдаанд оролцох, ойлголцох боломж байгаагүй.
-Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан уу. Таны биед халдсан асуудал юу болсон бэ?
-Бөхчүүд бэлтгэлдээ гарсан байгаа гэсэн.
Бөхчүүдийг халх, дөрвөд, зүүн, баруун аймгуудаар нь ялгаад байвал барилдахгүй шүү гэдгийг хэлж байгаа юм.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байгаа. Бөхийн холбоо маргаантай ийм үед допинг хэрэглэсэн гэх бөхчүүд барилдах уу?
-Энэ допингийн асуудалд бас л Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй холбоотой. Хэний нэр төрийг гутаах, хэнийг барилдуулах вэ гэдгийг Б.Бат-Эрдэнэ аварга л шийдэж, зохион байгуулж байна. Гарьд Бат-Орших “Би допинг хэрэглээгүй, Увс аймгийн бөх гэдгээрээ л гадуурхагдаж байна” гэж хэлсэн. Энэ мэт бөхчүүдийн нэр төрд халдсан ийм үйлдлүүдээс салах ёстой. Допингийн асуудалд цэг тавих, эсэргүүцэх ёстой. Гэхдээ олон улсад итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн, цаг хугацааны хувьд ч тухай бүрт нь шийдэх ёстой. Ер нь цаашдаа тав давсан биш бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болох ёстой.
-Ерөнхийлөгч бөхчүүдийг эвээ олж чадахгүй бол Бөхийн өргөөг төрийн мэдэлд авч. зарим бөхийн цолыг хураана гэсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Ард түмний хөрөнгө оруулалт болон төрийн хөрөнгө оруулалт буюу 1.6 тэрбум төгрөгөөр боссон. Гэтэл өнөөдрийг хүртэл Бөхийн өргөөний тайлан байдаггүй. Тэгэхээр Бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон бол тайлангаа ч гэсэн үнэн зөвөөр л тайлагнах ёстой.
-Бөхийн холбооны маргааны цаад утга учир нь Бөхийн өргөөний маргаан гэж шүүмжлэх хүн олон байна?
-Ер нь Нямдорж, Г.Данзан, Б.Бат-Эрдэнэ гэсэн хүмүүс ийм л ойлголт төрүүлээд байгаа юм. Тийм зүйл байхгүй. Өргөөнөөс болоод хэрүүл маргаан гараад байгаа биш олон жилийн үзэл бодол, халх, дөрвөдөөр нь хуваасан маргаанаас үүдэлтэй. Төр өмчөө мэднэ, ард түмэн өмчөө мэднэ. Бөхийн өргөө бол Монголын үндэсний бөхийн холбооны өмч.
ДАРХАН АВАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: УЛСЫН НААДАМД ОРОЛЦОХ ХҮМҮҮС НЬ ОРОЛЦООД, АВДАГ ЦОЛОО АВААД ЯВАХ БАЙЛГҮЙ
-Наадмаас өмнө Их эе хуралдахгүй нь. Тэгэхээр энэ жилийн наадмаар маргаангүй, үймээнгүй наадам болох уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Хэрэв бөхчүүд барилдахгүйд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ?
-Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ.
Хамгийн ноцтой асуудап бол допинг. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирж, асуудалд өөрөөр хандаад байгаа юм шиг мэдээлэл өгөөд байх юм. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүмүүсийн эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад. байгаа. Гэтэл Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага гэж бий. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл бид эв, зүйгээ олохын төлөө ажиллаж байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байгаа.
-Монголд анх удаа допинг хэрэглэсэн, ийм асуудалд нэр холбогдож байсан анхны бөх нь А.Сүхбат аварга. Тухайн үед түүнд ямар нэг хариуцлага хүлээлгэж байсан уу?
-Огт тооцож чадаагүй. Одоо яг тийм маягаараа явж байна. Эмчийн магадлагаа гаргуулаад түүгээрээ асуудлаа шийдүүлэхээр явж байгаа. Дэлхийн аль ч спортын төрөлд байдаггүй зүйл. Допинг нэгэнт илэрсэн бол түүнийг нь эсэргүүцдэг улс, тамирчин байхгүй.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: Өглөөний сонин
1 comment
алиалагч нар ажилаа хийгээд түмнийг сэтгэлийг дэмжинг хөхүүлээд явах үүргээ л биелүүлээч