УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцааж, бусдыг нь дэмжсэн. Учир нь уг хуулийн төслийн агуулга нь “Оюутолгой”-г дэмжсэн байна гэх үндэслэлээр олонх гишүүн шүүмжлэлтэй хандсан.
Тус хууль ямар учраас ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг буцаасан. Уг хууль нь гаднын компаниудад хөнгөлөлт үзүүлж, дотоодын аж ахуйн нэгжид дарамт учруулсан агуулгатай байна гэж гишүүд үзсэн. Та хууль санаачлагчийн хувьд энэ тухайд тайлбар өгнө үү?
-Чуулганаар хэлэлцэх үеэр энэ хуулийн төслийг нэлээд тайлбарласан.Товчхондоо, таны асууж байгаагийн эсрэг хууль гэдгийг тодотгоё. Нэгдүгээрт, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош бол төлж буй татварынхаа 90 хувийг буцаан авах буюу нэг хувийн татвар төлөх тогтолцоог бүрдүүлж өгсөн юм. Энэ нь ямар агуулгатай вэ гэхээр өнөөдөр Монгол Улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Үүнээс 398 нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 85 хувийг бүрдүүлдэг.
Тэгэхээр үлдсэн 15 хувийг 110 гаруй мянга нь бүрдүүлдэг гэсэн үг. Тиймээс татварын бааз суурийг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд учирдаг дарамтыг бууруулах зарчим баримталж, дээрх хуулийг оруулж ирсэн юм. Хоёрдугаарт, Татварын багц хуулийг өргөн барихын өмнө улс орон даяар, хоёр сарын хугацаанд хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Үүнд хувийн хэвшил, томоохон аж ахуйн нэгж, жижиг бизнес эрхлэгчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж, нягтлан бодох болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай нэлээд ярилцсан. Гуравдугаарт, 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг шууд “Нэг хувийн татвар төл” гэж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр ч бай, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг аж ахуйн нэгж ч бай жилд дөрвөн удаа яг нэг ижил маягтаар тайлан гаргадаг.
Тэгвэл үүнийг бид өөрчлөх гээд байгаа юм. Тухайлбал, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бол жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвараа төл. Ингэснээр нягтлан бодох ажилд авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, жилд дөрвөн удаа тайлан гаргахын тулд нягтлан бодогчид хөлс мөнгө төлж таарна шүү дээ. Энэ мэтчилэн жижиг, дунд бизнест учирдаг захиргааны маягийн дарамтыг бууруулах зорилготой юм. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өрийн асуудал бий. 2013-2016 онд эдийн засгийн унасан үед аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, өр тавьсан.
Энэ өрийг төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр хүртэлх жил болгож хуульд тусгасан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө бүрдүүлэх, бий болгох, худалдаж авахад оногдуулдаг нэмүү өртөгийн албан татварыг хасч тооцдоггүй байсан. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд мөн л дарамт бий болгодог. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх, аж ахуйн нэгжүүдийн зардал өсдөг байдлыг эерүүлсэн. Аж ахуйн нэгжүүд орлогоо гурван янзаар тайлбарладаг.
-Татварын аливаа зөрчлийг хуулиар хэрхэн шийдвэрлэхээр тусгасан байв?
-Өнөөдрийн мөрдөж буй хуулиар татвартай холбоотой ямар нэг зөрчил үүсвэл Зөрчлийн тухай хуулийн хүрээнд прокурор хянаад Улсын Дээд шүүх рүү шилжүүлдэг байдал маргаан дагуулдаг. Үүнд аж ахуйн нэгжүүдийн зүгээс “Прокурор дээр хэрэг хянах нь хүндрэлтэй байна” гэж хэлдэг.
Энэ тухайд хоёр төрлийн зөрчил бий. Тухайлбал, хоёрдугаар сарын 15-нд тайлангаа өгөх байж байгаад 15 хоног хоцроовол Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэхээр болдог юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй бол татварын маргаан таслах зөвлөлд хандаж, асуудлаа шийдүүлэх боломжтой.
Татварын маргаан таслах зөвлөлд 2015 онд 19 мянга, 2017 онд 50 гаруй мянган гомдол гаргасан байдаг. Бид эдгээр гомдолд судалгаа хийж зарим хуулийн заалтад хоёр янзаар ойлгогдож байгааг зассан. Энэ мэтчилэн нэлээд олон өөрчлөлтийг тусгасан байсан. Жишээлж дурдсан нь энэ болохоос цөөнгүй эерэг заалтыг багтаасан хууль байсан юм.
-Гол эсэргүүцэл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гаднын компанийн орлогоос 20 хувийн татвар авдаг байсныг багасгасан юм биш үү. Үүнийг л “Оюутолгой” тэргүүтэй гаднын компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх заалт гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Суутгах албан татварт 20 хувь хэвээр байгаа. Үүнийг андуурч ойлгоод байгаа юм. Жишээлбэл, аж ахуйн нэгж, арилжааны банкууд гаднаас хөрөнгө босгож, зээл авч Монголд үйл ажиллагаа явуулаад гарах үед орлогоос нь 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон.
Учир нь, Монголд гаднынхан орж ирэхгүй байгаа учраас зээлийн хүү өндөр байна. Эрэлт их учир Монголд байгаа мөнгөө эргэлдүүлээд л байвал зээлийн хүү буурахгүй. Гэтэл нийлүүлэлт нь бага байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах гэж байгаа бол мөнгөний нийлүүлэлтийг сайжруулах ёстой. Үүний тулд гаднаас хямд эх үүсвэртэй мөнгө оруулж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, одоогийн 10 хувийг тав болгох гэсэн юм.
Бүх төрлийн зээл өнөөдөр маш өндөр хувьтай байгаа шүү дээ. Дэлхий нийтээрээ хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагаа, кампанит ажлыг эхлүүлчихээд байна. Тиймээс бид өрсөлдөх чадвар бий болгох ёстой. Жишээлбэл, АНУ татвараа бууруулаад эхэллээ.
Аж ахуйн нэгжүүдээс 34 хувийн татвар авдаг байсан бол 22 болгочихлоо. Гэсэн атлаа импортоор орж ирж байгаа зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмж байна. Үүний цаана “Америкийн хөрөнгө оруулагчид Америкт л байгаасай” гэдэг хүчтэй бодлого явуулж байна. Бусад улс оронд үүний адилаар хөрөнгө оруулагчдыг татахын тулд татвараа буулгаж байна шүү дээ. Тэр байтугай урд хөршид суутгах татварыг бүр тэглэчихсэн байна. Тиймээс бид татварын орчноо сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
-“Оюутолгой” тэргүүтэй гаднын компанид зориулсан эсэх тухайд?
-“Оюутолгой”-той холбоотой зарим зүйлийг ярьсан. Миний хувьд наад асуултны чинь эсрэгээр тайлбар хийх байна. Монгол Улс Европын холбооноос гаргасан татварын шударга бус тогтолцоотой орны хар жагсаалтад орсон. Учир нь, манай хууль эрх зүйн орчин татвар, компанитай холбоотой мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй. Үүнээс гарахын тулд татварын суурийг багасгах, ашиг шилжүулэхийн эсрэг холбоонд нэгдэх ёстой. Үүний тулд хуульд зохицуулалт оруулж өгсөн.
Ингэснээр бидэнд ямар давуу тал үүсэх вэ гэхээр үндэстэн дамнасан корпорациуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа бага татвар төлж байна. Тус корпорацид олон толгой компани байршчихсан байдаг, хоорондоо шилжүүлэг хийдэг. Тиймээс энэ хуулийг баталсны дараа олон улсын байгууллагад нь элсч, түүгээр дамжуулж үндэстэн дамнасан компани, корпорациудтай холбоотой мэдээллийг авах боломж бүрдэнэ. Ингэснээр харилцан хамааралтай компани хооронд хийсэн шилжүүлгээс татвар авах боломжтой болох юм.
-Америкийн худалдааны танхимаас Татварын хуулийг чуулганаар хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдэд “дэмжлэг үзүүлэх”-ийг хүссэн бичиг ирүүлсэн байна. Гэтэл худалдааны танхимын дарга нь”Рио тинто”-гийн Монгол дахь захирлаар олон жил ажилласан хүн. Энэ бичиг нэлээд хардлага төрүүлээд байна л даа. Үүний тухайд та ямар тайлбар хийх вэ?
-Яг наадхыг чинь бид мэдэхгүй. Ямар ч байсан бид энэ хуультай холбоотойгоор улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингэхдээ хувийн хэвшлийнхнийг оролцуулсан. Энэ дунд гаднын хөрөнгө оруулагчид ч байсан. Тэр дунд “Ам чам” нэртэй Монгол дахь хөрөнгө оруулагчдын нэгдсэн холбоо байдаг. Энэ холбоотой бид татварын хуульд оруулах гэж буй өөрчлөлтийн талаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан л даа.
Учир нь, холбооныхон бидний оруулж ирж буй хуулийг буруу ойлгосон зүйл байсан учраас тайлбар хийх шаардлага үүссэн юм. Үүнд хамгийн гол зүйл нь ашиг шилжүүлэхтэй холбоотойгоор эргэлзээд байсан. Гэхдээ татвараас зайлсхийх юмуу, том компаниудын хоорондоо шилжүүлэг хийх замаар Монгол Улсад татвар бага төлөх боломж бүрдээд байгаа учраас хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай байгаагаа л илэрхийлсэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй гаднын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзах нь шударга зарчим гэж бид үзсэн. Өөрөөр хэлбэл, Монголын талын төлөөлөлтэй уулзчихаад гаднынхантай нь харилцахгүй байж болохгүй биз дээ. Бид гаднын олон компанитай хамтарч ажиллаж байгаа шүү дээ.
-Төлсөн татвараас 90 хувийг нь буцааж олгож байхаар шууд нэг хувийн татвар авч болоогүй юм уу?
-Яваандаа тийм хувилбарт шилжих боломжтой. Эхний ээлжид татварын тогтолцоог цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, бүртгэл тооцоог бүрэн хийх үүднээс буцаан олголтыг дэмжиж байгаа. Хоёр дахь гол үндэслэл нь аж ахуйн нэгжүүдээс бүрэн татвар авч, буцаан олголтоор хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь шийддэг бодлого баримталж байна. Гишүүдийн хэлсэн саналаар зарим зүйлд өөрчлөлт оруулаад хуулиа дахин өргөн барина.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
1 comment
Оюутолгойн асуудал их байхад заавал энэ үеэр ааноат-ын хуулийг шинэчилдэг нь ямар учиртай юм.