Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо нь нэр бүхий 12 сайтад хаягласан гомдлыг зургаадугаар сарын 7-ны өдөр хэлэлцээд редакцууд ёс зүйн кодыг зөрчөөгүй боловч цаашид мэргэжлийн алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөлөө.
“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аас манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд түгээхдээ давхар эх сурвалжаар баталгаажуулаагүй, нэг талын байр суурь бүхий мэдээллийг олон нийтэд түгээсэнд гомдож байна гэжээ. Энэхүү гомдол нь 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр “Монголын эцэг эхийн үндэсний зөвлөл” ТББ-аас хийсэн хэвлэлийн бага хуралтай холбоотой юм.
Ёс зүйн хороо нь уг гомдлыг нягтлан хэлэлцээд нэр бүхий 12 сайтаар нийтлэгдсэн хэвлэлийн бага хурлын талаарх мэдээ нь нээлттэй, шууд эх сурвалжтай, үзэл бодлоо илэрхийлсэн хэвлэлийн бага хурлын мэдээллийг тоймлон дамжуулсан, ямар нэгэн сэтгүүлчийн таамаг, үзэл бодол оруулаагүй бичигдсэн байна гэж дүгнэлээ. Тиймээс гомдол хаяглагдсан dnn.mn, sedev.mn, news.zindaa.mn, expo.zindaa.mn, factnews.mn, ibook.mn, leaders.mn, ardchilal.mn, view.mn, setguulch.mn, zms.mn зэрэг сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэдийгээр гомдол гаргагчийн ирүүлсэн гомдолд хамаарах алдаа байхгүй байна гэж үзсэн ч мэдээллийн чанарыг сайжруулах үүднээс мэргэжлийн санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийж ажиллахыг эдгээр сайтад зөвлөмж болгон хүргүүлэх нь зүйтэй гэж Ёс зүйн хороо үзсэн болно. Хэвлэлийн бага хурлыг дамжуулах нь эх сурвалж нь тодорхой гээд хэвлэл мэдээлэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш, харин ч тухайн үйл явдлын мөрөөр нягтлан шалгах, өөр бусад эх сурвалжаас баталгаажуулах нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа болохыг анхаарах нь зүйтэй.
Хэдийгээр хэвлэлийн бага хурал нь ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хангах, нийгэмд болж буй үйл явдлын талаарх шүүмжлэлт мэдээллийг дамжуулах үүргийнхээ хүрээнд ажиллах ёстой ч нийгэмд үзүүлэх нөлөөлөл ихтэй үйл явдлын талаар мэдээлэхдээ анхааралтай авч үзэх, тухайн мэдээллийн зорилго, эндээс олон нийт ямар ойлголт авах ёстой вэ, ямар үр дагавар авчрах вэ гэдгийг тунгаан бодох, мэдээллийн тэнцвэртэй, зөв байлгах үүднээс үйл явдлыг нягтлан шалгаж баталгаажуулах шаардлагатайг цаашид анхаарч, санамсаргүй алдаа гаргахаас сэргийлж ажиллахыг Ёс зүйн хорооноос зөвлөмж болгосон юм.
Гомдлыг хэлэлцэхийн өмнө 11 сайтын редакцаас хариу тайлбарыг ХМЗ-д ирүүлснээс factnews.mn, news.zindaa.mn, expo.zindaa.mn, udriintoim.mn сайтуудын редакцаас “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг хэрэгжүүлэх зорилгоор гомдол гаргагчаас байр суурийг нь нэхэн сурвалжилж, тодруулга ярилцлага хэлбэрээр тухайн мэдээлэлд залруулга, тайлбар хийх боломжтой” гэснийг тухайн редакцыг ёс зүйтэй, мэргэжлийн хариуцлагатай болохыг илтгэж, хэвлэл мэдээллийн соёлд нийцтэй алхам болохыг Ёс зүйн хорооноос мөн сайшаан дэмжсэн болно.
Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба
1 comment
NOM UNSHSAN SETGUULCH ASUUDLIIG EMZEG HESGIIG OLJ CHADDAG