Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2018.06.13/ зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан байна.
Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирчээ. Үүнээс хоёр нь мотоциклтой холбоотой осол байна. Тухайлбал,
- Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь Dongfeng Eq, Hino Ranger маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн.
- ХУД-ийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон,
- Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Довын хайрхан” гэх газар асфальтан замд ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгджээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсн 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, 4 хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулсан байна.
Нийт жолооч нар орон нутгийн болон нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.