Дээхнэ үед манайхан “Хүүхэд эрүүл л өсч байвал болно, гоё сайхан царай зүс бол хэлбэр төдий зүйл” гэсэн нийтлэг ойлголттой байв. Харин орчин үед хүн болгон хүүхдээ эрүүл саруул, өвчин эмгэггүй өсөөсэй гэж бодохын зэрэгцээ “хөөрхөн” байгаасай.
Нүүр нь шарх сорвигүй, эрүү ам нь хэвийн, зөв хөгжилтэй, шүд нь бүрэн бүтэн, тэгшхэн байгаасай гээд олон юманд санаа зовдог болж. Арга ч үгүй биз, энэ нь орчин цагийн “Зөв төрх”-ийг бүрдүүлэх том ажил юм. Шүдний өвчин ходоод гэдэс, хоолойн ангина, бөөр, үе мөч, зүрх судас гээд 200 гаруй өвчний суурь болдог гэж сонссон учраас бидний олонх нь шүдний өвчинд ихэвчлэн санаа зовдог. Харин шүдний гажиг гээч зүйлийг бараг мартчихдаг.
Тэгвэл эцэг, эхчүүдийн анзаарахгүй өнгөрч мэдэх энэ асуудал нь хүүхдийн эрүүл мэнд, санаа сэтгэл, итгэл найдвар, урам зориг, цаашлаад ирээдүйн ажил хэргийн карер, гэр бүлийн асуудалд нь хүртэл сөргөөр нөлөөлдөг гэдгийг эмч нар хэлж байна. Тухайлбал, “Шүдний гажгаас болж нүүр далий байх, гоо сайхны хувьд гадаад төрх эвгүй харагдах, үүнээсээ болоод хүүхэд өөртөө итгэлгүй болдог.
Мөн санаа сэтгэлээр байнга унах, амны хөндийгөөс нь эвгүй үнэр үнэртэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хүүхэд буруу байрлалтай шүднээсээ болоод буйлны үрэвсэлтэй болох, хоолоо гүйцэд зажилж чаддаггүй байх, ходоодны шингэц муудаж үрэвсэл үүсэх эрсдэлтэй” гэдгийг эмч нар хэлж байна. Тийм болохоор энэ удаагийн нийтлэлээр та бидний анзаарахгүй шахам өнгөрдөг шүдний гажиг үүсэх шалтгаануудыг товчхон дурахаар шийдэв.
ОРСГОЙ, ШААМИЙ ГАЖИГ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ
Манай улсын насанд хүрэгчдийн 90 гаруй, 3-5 насныхны 79, 6-8 насныхны 85 хувь нь цоорхой шүдтэй. Мөн Хан-Уул дүүрэгт амьдарч буй хүүхдүүдийн 84, Сонгинохайрхан дүүргийн багачуудын 96 хувийнх нь шүд цоорхой. Түүнчлэн хүүхэд, багачуудын 44 хувь буюу бараг тал хувь нь шүдний гажигтай гэсэн судалгааны дүн саяхан гарсан байв.
Эндээс нэг зүйлийг анзаарч харвал, шүдний гажиг дотроо орсгой, дорсгой шүдтэй, шаамий гажиг нь дийлэнх хувийг эзэлж байна. Тэгэхээр энэ удаа та хүүхдийнхээ шүдний өвчинд анзаарахын зэрэгцээ эрүү нүүрнийх нь зөв хөгжил, шүдний зуулт, амны хөндийн булчингийн хөгжил, хэлний хөвч зэргийг нь ажиглаад хараадхаарай.
АМААРАА АМЬСГАЛДАГ ХҮҮХДЭД ШААМИЙ ЗУУЛТ ҮҮСДЭГ
Жишээ нь, бид хүүхэд илт хуруугаа хөхөхгүй л бол бусдыг нь анзаардаггүй. Хэлээ хөхөх, амаа ангайж унтах, хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, доошоо харж унтах гэх мэт буруу зуршлууд нь шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг юм байна. Хүүхдийн шүдийг дөнгөж цухуйж эхэлмэгц нь эцэг, эхчүүд яаж ургаж байгааг нь анзаарах хэрэгтэй байдаг аж. Тэгээд 3-4 наснаас шүдний гажгийг засах эмчилгээ хийлгэвэл өөрийгөө хугацаа хожсон, том ажил хийсэнд тооцох ёстой юм байна.
Учир нь, бидний олонх нь шүдний гажиг үүсэх нарийн шалтгаануудыг анзаардаггүй, олж хардаггүй юм байна. Шүдний гажиг нь удамшлын шалтгаан, элдэв муу зуршил, эрүүний яс дутуу хөгжсөн зэргээс болдог аж. Тухайлбал, “Эцэг эхчүүд хүүхдээ амаараа амьсгалахаар тоодоггүй. Энэ нь хамгийн их гажиг үүсэх шалтгаан болдог. Үүдэн шүднүүд нь хазагдахаа болих нь мөн л нэг гажиг. Мөн буруу харж, элгээрээ доошоо харж унтдаг хүүхдүүд байдаг.
Агаар амьсгалах зам нь буруу болж буруу амьсгалснаар гажиг үүсдэг. Мэдэхгүй явж байгаад насанд хүрвэл мэс заслын аргаар засахаас аргагүйд хүрдэг. Тэгэхээр сүүн шүдтэй байхад юм уу, бага насанд нь илрүүлбэл эмчилгээний үр дүн сайн байдаг” гэдгийг “Гурван гал” эмнэлгийн нүүр амны гажиг заслын эмч Э.Уянга хэлж байна. Мөн хүүхдийн хэл ярианы хөгжил нь хэвийн ч хэл нь доор байрлалтай хүүхдүүд байдаг. Энэ тохиолдолд хэлээ өргөхөөр хөвч нь богино хүүхэд байдаг.
Энэ нь мөн л шаамий зуулт үүсгэдэг том шалтгаан болдог гэдгийг олон эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдний гажгийг засуулах гэж явахдаа мэддэг. Тэр битгий хэл, хоолойны мах томтой хүүхдүүдэд хүртэл орсгой зуулт үүсдэг аж. Мөн доод уруулаа хөхдөг хүүхдэд ийм гажиг үүсдэг гэдгийг Шүд эрүү нүүрний эмгэг судлалын эмч нар хэлж байв. Тиймээс та сургууль, цэцэрлэг амарсан даруйд хүүхдээ нэг анзаарч хараарай.
Хэрэв таны хүүхэд хуруугаа, хэлээ хөхдөг бол, амаа ангайж унтдаг бол эрт анхаараарай. Шүдний гажигийг оройтож эмчилвэл зориулалтын аппарат, мэс заслын тусламжтайгаар засахаас өөр аргагүй болдог. Гурав, дөрвөн наснаас нь эмнэлгээр дагуулж гүйхгүй л бол удаан хугацаагаар зүүх шүдний авагддаг, авагддаггүй аппарат, мэс заслын тусламжтайгаар засахаас өөр аргагүй болдог. Хүүхдээ анзаарахгүй явсаар хугацаа алдах тусам оройтдог гэдгийг анхаараарай.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин