Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүн “ДАВХАР ДЭЭЛ”-тэй байхыг хуулиар хязгаарлана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.

Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн заалт, сэдэв тус бүрт дүн шинжилгээ хийх дэд ажлын хэсгүүдийг байгуулжээ. Мөн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт өрхөөс 1500 айлыг сонгож, зөвлөлдөх санал асуулга явуулсан юм. Түүнчлэн 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, 327 мянга гаруй иргэнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой таван сая 584 мянга 832 санал хүлээн авчээ.

Эдгээр саналыг нэгтгэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцуулсан. Уг төслийг ойрын хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох байгууллагуудад танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг ажлын хэсэг мэдээлэв. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуульд баялгийн сан, шүүхийн шударга тогтолцоо, УИХ-ын талаар ямар зүйл тусгасныг тодруулав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Ерөнхий сайдад кабинетаа өөрөө бүрдүүлэх эрхийг өгч байгаа. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулахдаа шинэ Ерөнхий сайдыг давхар оруулж ирж гурав хоногийн дотор дэмжинэ. Мөн Засгийн газрыг огцруулах саналыг нийт гишуудийн 4/1-ийн саналаар оруулж ирж, 15 хоногийн дотор шийднэ гэж тусгасан.

УИХ өөрийнхөө төсөв, томилгооны эрхээс татгалзаж, чуулган, Байнгын хорооны хуралдаанд итгэл үнэмшлээрээ оролцож саналаа өгнө гэж оруулсан. Ингэснээр бусдын кнопыг дарахгүй. Хуулийг гишүүдийн олонхын саналаар батална. УИХ-ын гишүүн “давхар дээл”-тэй болохыг хуулиар хязгаарлаж өгсөн” гэж хариулав. Ажлын хэсгээс “Орон нутгийн улстөржилтийн тухай асуудал хэлэлцүүлгийн явцад байнга хөндөгдөж байсан.

Орон нутгийн төвшинд улстөржилтийг зогсоохын тулд ИТХ-ыг сонгоход улс төрийн нам оролцохгүй байх, иргэд өөрсдөө нэр дэвшүүлэх заалт орж байгаа. Мөн тухайн сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум дүүргийн иргэдээс сонгоно” гэсэн заалт оруулж байна. Харин аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг хуулиараа тогтоох нь зөв байх” гэсэн юм.

Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ

Хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгснийг ийнхүү Байнгын хороо хэлэлцэн шийдэв. Тэрбээр “Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээн хүсэлтдээ дурджээ. Хуралдаанд асуулт асууж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй тул Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. Байнгын хороо уг саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд саналаа оруулахаар болов.

ГИШҮҮД ХУРУУНЫ ХЭЭГЭЭР ИРЦЭЭ БҮРДҮҮЛЖ, САНАЛ ӨГДӨГ БОЛОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Төсөл санаачлагч гишүүн Д.Хаянхярваа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг тодотгоод УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явах нөхцөлийг алдагдуулах боллоо.

Тиймээс гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг зохицуулсан гэж танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү санал хураалт санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуульд чуулганы хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах болон хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, санал өгөх, Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжоор хангах зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид тодотголоо. Уг хуулийн төсөлд гишүүдийн хариуцлагын асуудлыг тусгасан тул өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, нарийвчлан боловсруулах ёстойг гишүүдийн зүгээс хэлж байв. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

М.Энхцэцэг

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

One thought on “Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүн “ДАВХАР ДЭЭЛ”-тэй байхыг хуулиар хязгаарлана

  1. зочин 2018-06-14 10:12 at 10:12

    Энэ дэгээр давхар дээлтэй гишүүд засгийн ажлыг хийх бололцоогүй болж байна.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн