Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлүүдийг “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж томьёолсон байна.
Гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэв.
Засгийн газар 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэж, энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.
Холбогдох яам, агентлаг, бусад газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна.
Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өсчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.