Дэлхийн улс орнууд өөр өөрийн хэлтэй. Бусдын хэлээр ярьдаг нь ч бий. Тэгвэл Монголчууд бид өөрийнх хэмээн бардамнах хэл, манайх гэж бахархах хэл шинжлэлийн түүхтэй ард түмэн. Үг хэллэгийн баялгаараа, утга агуулгын өргөнөөрөө дэлхийд хосгүйд тооцогддог. Нэртэй эрдэмтэд, суутай зохиолчид маань зуун зууны турш монгол хэлээ баяжуулсаар 21-р зууны бидэнд уламжлан үлдээсэн билээ. Гэвч уламжилж авсан бид нь хөгжүүлэн дэвшүүлэх бус хуучин байранд нь гацаачихаад байгаа бус уу. Тийм ээ тийм, Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж нэг байгууллага байдаг.
Бодлого энэ тэрийг тэд зохицуулах ёстой л доо. Янз бүрийн ажил хийдэг л байх. Гэхдээ хийсэн гэх ажлууд нь араасаа дандаа маргаан дагуулах юм. Гаргасан шийдвэр нь эргэлзээтэй, хийсэн тайлбар нь ч асуудалтай. Монголчууд бид хүний үгийг авахаа байж, бусдын хэлснийг дагахаа больсон байж болох. Гэлээ ч аливаа шийдвэр ултай суурьтай, хамгийн гол нь маргах сэжүүргүй баймааж нийгмийн хүлээлтийг хангана, нийтийн дэмжлэгийг авна. Тэр тусмаа хэл шинжлэлийн салбарт. Энэ чинь бидний амин сүнс шүү дээ. Гагцхүү зөв базаж, нэгтгээд явчих байгууллага л хэрэгтэй. Ингэж чадаагүйгээс үгийн өөрчлөлт, дүрмийн шинэчлэлийг амтай болгон ярьж, толгойтой болгон хийж ирлээ. Зарим нь бичгийн дүрмийг өөрийнхөөрөө хэрэглэж байна шүү. Ъ-г хэрэглэхээ байсан гэх, Щ устсан ч гэх шиг. Хэн гээч эрдэмтнийх нь үгэнд итгэх вэ?
Төр засаг өөрчлөгдөх бүрт боловсролын салбарын бодлого солигдож байдаг нь үндэсний эрх ашиг болох монгол хэлний дархлаанд сөргөөр нөлөөлж байгаа нь маргаангүй үнэн. Үүний уршгаар, бичгийн дүрмээ мэдэхгүй, үг хэллэгийн зөв бурууг ялгарахгүй сурагчид ерөнхий боловсролын сургуульд элбэгшиж, дээд сургуульд илүү олуулаа болж байгааг боловсролын салбарынхан өөрсдөө өгүүлж байна. Суурь боловсрол олгох сургалтыг дээд сургуульд явуулахаас өөр аргагүй байна гэдгийг ч багш болгон хэлж буй. Ингэж баймааж л дээд боловсролын хичээлийг хоёрдугаар курсээс нь заах боломж нээгдэнэ гэж байна шүү. Өнгөрсөн өвөл дээд сургуулийн оюутнуудын дунд монгол хэлний шалгалт авахад олонх нь хангалтгүй үнэлгээ авсан. Гээгдэх эгшигийн дүрэм бол хүрч чадахгүй өндөр босго юм байна, оюутнуудад. Хамгийн шог нь, өдөр тутам хэрэглэдэг үгнүүдээ зөв бичиж чадахаа байсан ажээ. Баахан алдаж гарч ирчихээд “Сошиал хэллэгнээс боллоо” хэмээн телевизээр хээв нэг ярьж байх юм.
Энэ бүх асуудлыг хэл шинжээчид мэдэхгүй биш мэдэж байгаа, тийм ч учраас ямар нэг шийдэлд хүрчих санаатай хуралддаг, чуулдаг. Олон янзаар бичээд байгаа үгсийг нэг мөр хэрэглүүлэх үүднээс тэд 2011 онд зөвлөлдөөд зөв бичих 700 үгний жагсаалтыг гаргасан. Маргаантай олон ч үг тэнд багтсан. Тэр хэрээр олон янзын маргаан үүссэн.
Хамгийн гол нь хэл шинжээчид өөрсдөө дотроо толхилцсон. Тэр багшийн школыг залгамжлагсад, энэ эрдэмтний онолыг дагагсад гэж хэд гурваараа хуваагдаад нэгнийхээ ярьсныг үгүйсгэж, нөгөөдүүлийнхээ шийдвэрийг сарниулж ирлээ. Дотоод уур амьсгал ийм байхад гадаад байдал ямар байх нь ойлгомжтой. Бүгдээрээ шийдсэн гэх 700 үгийг нь нийгэм авч хэлэлцээгүй. Асуудлыг илүү гүнээс нь мэдэж байгаа яруу найрагч, зохиолч, сэтгүүлчид бүр ч дөхөж очоогүй. Чаддагаар нь багш нараар дамжуулаад сургуулийн сурагчдаар мөрдүүлж ирлээ.
Мэргэжлийн улс нь мэдэж байгаа байлгүй гээд олон нийт мөрдөх маягтай болоод ирүүт нь Хэл бодлогын үндэсний зөвлөл гэх байгууллага нь гаргасан шийдвэрээсээ буцаад эхлэв. “Чээж” гэж хүчээр мөрдүүлсэн үгээ “Цээж” болгон буцаан хэрэглэх шийдвэрийг 2017 оны 11 сард гаргав. Анхаасаа л олны дургүйцэлтэй тулгарсан үг шүү дээ. “Цээж” нь дөрөвхөн үсэгтэй ганц үг боловч Монголын нийгэмд хамгийн өргөн хэрэглэгддэг хүчирхэг үг байгаа юм. Ерөнхий боловсролын 798 сургуулийн хичээлд ашиглагддаг, 572 мянган хүүхэд өдөр тутам хэрэглэдэг. Дээр нь, дүрэм заадаг багш нар, хичээл давтуулдаг эцэг эхчүүдийг хамтатгавал энэ үгийг хэрэглэгчдийн тоо бараг гурван сая дөхөх буй за. Тиймээс “Цээж”-ийг “Чээж”-д хувиргах шийдвэр анхаасаа буруу,
“Чээж”-ийг эргүүлээд “Цээж”-д аваачсан шийдэл бас л буруу. Өөр сургуульд шилжин орох шалгалтыг бага, дунд ангийн сурагчид сая өгөхөд шалгалтад нь цээж гэдэг үг ороод ирж. Олонх нь “чээж” гэж бичээд хасах оноо авсан. 100 авах нь 95, 90 авах нь 85. Ямар вэ дээ. Зургаан жил заалгасан онол зургаан сарын хугацаанд өөрлөгдөхгүй гэж.
80-аад оны сүүл шиг санагдаж байна. Янз бүрээр бичигдэж байсан авАрга, шудАрга, пионерЫн гэсэн гурван үгийг дээрээс нэг өдөр шийдээд ягштал дагаж мөрдүүлсэн юмдаг. Болдог л юм билээ. Ингэж чадахгүй л юм бол элдэв шалдав өөрчлөлт хийх шаардалга үгүй. Гаргасан шийдвэрээсээ буцан хулганах бол бичиг үсгийн дүрмээр оролдохын ч хэрэггүй. Дутуу бодож, буруу тунгаасан шийдвэрүүдээс болж хүүхдүүд хохирч, хэлний боловсрол доголдож байна гэж. Харин сая Монгол Улсын Ерөнхийлөгч Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Шинэ хүмүүс байдлыг өөрөөр харж, асуудлыг зөвөөр шийднэ гэдэгт найдаж байна. Иргэдийн хэлдэг санал гомдлын гол утга бол “Өөрчилж шинэчилж болно оо. Харин хэн ч дагаж мөрдөхөөргүй шийдвэрийг битгий гаргаад байгаач ээ” л гэж байна. Бодох л санал.
Эх хэлэндээ санаа тавьж буй улс нь ганц Монгол биш. Оросууд гэхэд гадны үг олноор нэвтэрлээ гэж гасалж байна, америкчууд болохоор элдэв слайнг хэллэг замаа алдлаа хэмээн бухимдаж байна. Тэгэхээр яараад яах вэ. Бусдын туршлагыг харъя.
Эх сурвалж: