“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Засгийн газрыг өрөнд оруулсан хэргээр шалгуулж буй “Жаст”-ын Ш.Батхүүг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа. ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид гурван сар орчим хоригдоод буй түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, дээрх шийдвэрийг гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Энэ үеэр эмчийн хяналт дор шүүх хурлыг явуулахаас өөр аргагүй болжээ.
Прокуророос Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан байна. Тиймээс шүүхээс түүнийг хорих хугацааг 15 хоногоор сунгасан аж. Түүнийг АТГ-аас 2018 оны гуравдугаар сарын 12-нд баривчилж, цагдан хорихоор болсон юм.
Ш.Батхүүг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурж, баталгаа гарган, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар залилан авсан хэрэгт буруутгаж буй бөгөөд тэрбээр бичиг баримт хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа юм.