Баян-Өлгий болон Дорнод аймагт адил насны,буюу хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй болсон. Хүү алга болоод найм хонож байгаа бол охин зургаа хонож байна. Хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хүүхдүүдийн алга болсон газрууд нь хүн авч явах боломжгүй, төв суурин биш алслагдмал учир гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдлаар эрлийг явуулж байгаа аж.
Энэ сарын 8-нд 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын, хоёрдугаар баг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд /сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км/ оршин суугч малчин Х-ийн охин 2 настай У нь ээж эгчтэйгээ хамт явж байхдаа сураггүй болсон. Тухайн өдөр ээж, эгч хоёр нь хонио эргүүлэх үедээ авч явжээ.
Баян-Өлгийд алга болсон хоёр настай хүү Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар амьдардаг байсан аж. Энэ нь сумын төвөөс бүр 70 орчим км алслагдсан, хөдөө хээр газар. Тухайн үед хүүг хоёр ах нь усанд явахдаа дагуулан хөдөлжээ. Гэрээсээ 800 орчим метр зайтай газар очоод мотоциклны бензин дууссан тул том ах нь бензин авахаар явсан бөгөөд таван настай дүүгээ үхрээ хараад ир гэж явуулсан гэнэ. Эргээд ирэх үед хүү алга болсон аж.