Гаалийн байгууллагаас тун удахгүй “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан хөтөлбөрийн журамд санал авах хугацаа гуравхан хоног үлдлээ. Гадаад худалдаанд оролцогч нарт тодорхой шалгуур тавьж, хангасан аж ахуйн нэгжид гаалийн байгууллагаас итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх тус хөтөлбөрт хамрагдахад дараах хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлсэн журмын төсөлд санал авч байна. Үүнд:
- Гаалийн бүрдүүлэлтийг нэн даруй, дараалал харгалзахгүй хийх;
- Барааг эзэмшигчийн байр, агуулах, талбайд түр хугацаагаар хадгалах;
- Нийт гаалийн бүрдүүлэлтийн 95 хүртэлх хувийг бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;
- Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар эрх олгосноор гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах;
- Нэг сарын хугацаанд хэд хэдэн ачилтаар нийлүүлэгдэх нэг нэр төрлийн бараанд зөвхөн нэг гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлтийг багцалж урьдчилан хийх;
- Гаалийн хууль тогтоомжийн болон гаалийн асуудлаар үүссэн аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан томилох;
- Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн талаар олон нийтэд сурталчлах;
- Гаалийн бүрдүүлэлтийг барааны байршлаас үл хамааран аль ч гаалийн байгууллагад гаалийн бүрдүүлэлт хийх;
- Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан оронд хөнгөлөлт эдлэх.
Та Гаалийн байгууллагаас боловсруулсан “Гаалийн итгэмжлэл олгох журам”-ын төсөлтэй танилцаж customs.cov.mn хаягаар саналаа өгнө үү. Журамд санал авах хугацаа энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ. Санал авч, журам батлагдсаны дараа аж ахуйн нэгжүүдээс “Итгэмжлэл” авах хүсэлтийг хүлээн авна.
Гаалийн итгэмжлэл олгох журамын төслийг Журам – татаж үзнэ үү
Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР