Сүүлийн үед нийгэмд байгаа болж бүтэхгүй асуудлыг төр засаг, УИХ-ын 76 гишүүн рүү чихдэг “мода” дэлгэрчээ. 20 жил архи уусан Доржийн ядуу амьдарч байгаад Монголын төр буруутай. Шуналаасаа болж луйварчдад мөнгөө алдсан авгай, салж сарнисан гэр бүлийн өмнө бас л төр буруутай юм гэнэ.
Айл амьтны аль болж бүтэхгүй аж төрөл хавийн хөгшчүүдийн араанд боловсорч, улмаар төр засаг улс орноо хараан зүхсэнээр өндөрлөх нь нийтлэг жишиг болов. Энэ бол иргэн хүн өөрийн үүрэг, төрийн үүргийг ялгаж салгаж мэдэхгүй байгаагийн хар гай юм.
Монгол Улсын иргэн ажил хөдөлмөр хийх, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хууль журмыг чандлан сахих, албан татвар төлөх, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, цэргийн алба хааж эх орноо батлан хамгаалах үүрэгтэй. Харин хууль журам буруу гарснаас болж улс болон иргэнд хохирол учирсан бол энэ нь жинхэнэ төрийн буруу бөгөөд хяналт тавих, эрх бүхий байгууллагаар шалгуулах нь иргэн бүрийн журамт үүрэг байх ёстой юм.
Иргэн бол албан тушаал Монголчууд бид өөрсдийг нь тодорхойлж буй “иргэн” хэмээх эрхэм алдраа хэтэрхий дорд үздэг гэмтэй. Ярьж бичихдээ хүртэл заавал “жирийн”, “энгийн” гэх мэт тодотгол залгадаг нь буруу юм. Жирийн, жирийн бус иргэн гэж байхгүй. Гэхдээ арай өөр өнцгөөс хараад үзвэл, монголчуудыг бараг бүгдээрээ жинхэнэ агуулгаараа ИРГЭН гэж хэлэгдэх эрхгүй байна.
Иргэн гэдэг тодорхойлолт томдохоор байна. Яагаад гэвэл, жинхэнэ иргэн хүн улс орныхоо төлөө үүргээ 100 хувь биелүүлдэг, үүний адилаар эрх ашгаа 100 хувь хамгаалалуулахыг төрөөсөө шаардаж чаддаг юм. 16 нас хүрч иргэний үнэмлэх аваад, цэргийн алба хааж, үр хүүхэд төрүүлснээрээ иргэн болчихлоо гэж ойлгох нь өрөөсгөл. Үнэмлэх олгож байгаа нь эрхзүйн харилцаанд оролцох эрхийг л нээж өгсөн хэрэг. Энэ эрхээ яаж ашигласан бэ гэдгээр л иргэний үнэ цэнэ хэмжигдэх учиртай.
Одоо бол иргэн гэдэг агуулга нь орхигдоод нэршил нь л үлдээд байна гэвэл худлаа гэж хэлэх хүн гарахгүй байх. Биологийн хичээл дээр хүнийг “Хүн бол биологи, нийгмийн амьтан юм” гэж заадаг. Нийгэм байхгүй бол хүн гэж ойлголт байхгүй, тэр бол зүгээр АМЬТАН. Чонын дунд өсвөл чоно, сармагчингийн дунд өсвөл сармагчин л болно. Заавал хүмүүсийн (нийгмийн) дунд өсч байж хүн гэж хэлэгдэх эрх авдаг учраас “нийгмийн амьтан” гэж тодотгожээ. Ингээд хүмүүсийн дунд, нийгмийнхээ дунд өсөн амьтан биш ХҮН гэж хэлэгдэх эрхтэй боллоо.
Дараа нь бие хүн болох үе шат эхэлнэ. Боловсрол, хүмүүжил гэж тоймлочиход болох байх. Бие хүн болох үйл явц насан турш үргэлжилдэг. Харин иргэн хүн үүргээ ухамсарладаг, эрхээ эдэлдэг, үүний тулд хуулийн бүх боломжуудыг ашигладаг, өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгийг ухамсарлан өөрт нь хамаагүй байсан ч хамаагүй олон нийтийн эрх ашигт хамаатай бол холбогдох байгууллагад албан ёсоор хандан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийг эрмэлзэх ёстой.
Монголчууд өөрт нь шууд хамааралгүй асуудлаар гомдол мэдүүлээд, өргөдөл бичээд гүйгээд байдаггүй. Гэтэл цаана нь төрийн олон байгууллага хийх ажилгүй сууж байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагууд бараг бүгд иргэдийн гомдлоор ажилладаг учраас тэр. Цагдаа, хууль хяналтынхан, мэргэжлийн хяналт гээд бүгд иргэдийн гомдлоор ажилладаг.
Төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдлоор ажлаа засч сайжруулна. Үгүй бол дээд шатны байгууллагад хандах хуулийн ззохицуулалттай байдаг учраас тэр. Гэтэл их л бодож нийгмийн сүлжээнд тавихаас бусдаар холбогдох байгууллагуудад нь бичгээр хүсэлт гаргаад, үгүй ядаж утсаар яриад мэдэгдчихдэг нь хэд билээ.
Иргэн хүнд хамгийн хамаатай, эрхийнх нь талаар Монгол Улсын Үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Бусад хууль тогтоомж бүгд энэ хуульд захирагдаж гарах учраас эрх нь зөрчигдсөн асуудлаар Үндсэн хуулиа бариад заргалдахад хуулийн нарийн мэдлэг шаардахгүй.
Гэтэл иргэний эрхийг эрсдэлд оруулсан хууль тогтоомжтой холбоотой асуудлаар ҮХЦ-д хандсан тохиолдол маш цөөн. 1990-ээд оны үед “иргэн” хэмээх Д.Ламжав л ҮХЦ-ийг ажилтай болгодог байсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүдэд харин гомдлын тоо нэмэгдэж байгаа ч улс төрийн нам, бизнесийн бүлэглэлийн захиалгаар хандах нь нийтлэг болжээ.
Тэр ч бүү хэл хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нь шүүхээр шийдвэр гаргуулсан иргэнийг “заргач” хэмээн цоллож, Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзахыг Засгийн газартаа уриалж байгаа нь эмгэнэл юм. Монголчууд өнөөдөр эрхзүйн бүрэн чадамжтай иргэн гэх нэр зүүсэн ч бие хүн болох гээд л яваад байгаа болохоос жинхэнэ иргэн болоогүй байна гэсэн нь ийм учиртай.
Төрийг ард түмэн байгуулдаг, төрийн механизмыг иргэд үйл ажиллагаанд оруулж, хянадаг учраас үнэндээ иргэн бол төрт улсын хамгийн том эрх мэдэлтэн юм.
Стандарт иргэдээ “дагадаг”
Аливаа стандартыг мэргэжлийн байгууллага л тогтоодог нь жам. Гэхдээ иргэдэд тогтсон стандартыг илүү дээшлүүлж, амьдралын чанар, аюулгүй байдлаа сайжруулахад төр засаг, үйлдвэрлэгчдийг албадах хүч бий.
Хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа талаар хүн бүр л санаа зовдог. Тэгвэл иргэд хоол хүнсэндээ тавих хувийн хяналтаа сайжруулснаар тогтсон стандартыг мөрдүүлэх, илүү дээшлүүлэхийг албадах ч боломж бий. Жишээ нь, Туркт хоносон талх хэзээ ч зардаггүй. Талхчид иргэдээ бодсондоо биш, хоносон талхыг хэн ч худалдаж авахыг хүсдэггүй учраас л тэр юм. Иргэд сонголтоороо талх үйлдвэрлэгчдийг албадаж чадсан байна. Тиймээс зарагдаагүй үлдсэн талхаа гаргаад хаячихдаг.
Гэтэл Туркт амьдардаг монголчуудын ядруухан нь талх хаяхыг хүлээж байгаад авч иддэг аж. Монголчууд хог түүж идэж байгаа хэрэг биш. Монголд нэг байтугай хоёр, гурав хоносон талх дэлгүүрийн лангуун дээр байж л байдаг учраас муудсан гэж үзэхгүй байгаа нь тэр. Энд ойлголтын зөрүү гарч байгаа биз. Хэрвээ хэрэглэгчид туркуудын жишгээр шалгуураа чангатгачихвал үйлдвэрлэгчид зохицуулалт хийж л таарна.
Матаач болцгооё
Монголчууд улс орны хөгжил дэвшлийг эрх баригчид, чадамжгүй хууль тогтоомжтой холбож ойлгох нь олонтаа. Цаг нь ирэхээр нэг мундаг удирдагч тодроод улсаа сайхан болгочихно гэсэн гэнэн гаргалгаа эрдэмтэн мэргэдийн амнаас ч унаж л байх.
Гэвч үнэн хэрэгтээ хүсээд байгаа хөгжил нь эрх баригчдаас гадна улсын иргэдээсээ зэгсэн шалтгаалдаг эд юмсанж. Тэр тусмаа өөрийгөө дээд зэргээр аваад явчихдаг арчаатай, аминдаа хайртай, эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн, өөрийн гэсэн зарчимтай, басхүү матаач иргэн хүн дээр тогтдог ажээ. Иргэд “Матаас” гэдэг үгийг ховтой эндүүрдгээс муушаасан утгаар хэрэглэх нь олон. Харин Монгол хэлний их тайлбар тольд энэ үгийг “Дээд байгууллагад тодорхой асуудлын талаар өргөсөн мэдээлэл” гэжээ.
Матаас нь улс орны хөгжлийн түргэсгэдэг, амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийг сайн тал руу өөрчилж, эрх баригчдыг шударга, ёс зүйтэй байхад хүргэдэг байна.
Дээрх онцлогийг шингээсэн иргэдийнхээ ачаар хүчирхэгжсэн хоёр улсаар жишээ авъя.
Израиль улс. Олон мянган жил хүний нутагт амьдрахдаа оюуны чадамж, алсын хараа, хөдөлмөрч чанар гээд олон сайн чанарыг шингээсэн. Чухам энэ чанаруудаа гол баялаг гэж үздэг. Нэг дор бөөгнөрөн суувал энэ чанараа гээнэ гэж болгоомжилдог учир жүүдийн нууц тунхаглалдаа төр улс байгуулахыг хориглосон гэсэн яриа ч бий. Еврейчүүдийг хамгийн ухаалаг үндэстэн гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Германчуудыг хамгийн заргач, матаач үндэстэн гэж тодорхойлдог.
Эндхийн иргэн бүр нь төрөөс явуулж байгаа бодлого, хийж байгаа ажил, авсан үйлчилгээ гээд ер нь тохиолдсон зүйлсийнхээ талаар холбогдох байгууллагуудад санал, шүүмж байнга бичдэг байна. Иргэний гомдол үндэслэлтэй эсэх нь гол биш, “Бид та нарыг байнга хянаж байгаа шүү, та нар бидний хараанд байгаа шүү” гэдэг мэссежийг эрх мэдэлтнүүдэд өгч байх нь л гол байдаг учраас төрийн ажил шударга явагддаг ажээ. Улс төрийн тогтолцоо, улстөрчдийн ухамсар, ажлын зохион байгуулалтаар үлгэр жишээ орны нэгд тооцогддог нь үүнтэй холбоотой гэсэн дүгнэлт ч бий.
Иргэд нь “иргэн” гэдэг агуулгыг өөртөө шингээж чадсан учраас ийм болсныг гаднынхан хүлээн зөвшөөрдөг. Герман иргэн ямар нэг асуудал гарсан байхад хаана хандахаа мэддэг. Харин монгол иргэн олон нийтийн сүлжээгээр цацах юм уу, ямар нэгэн нэвтрүүлэгт захидал бичихэд асуудал нь шийдэгдчих мэтээр ойлгодог нь хөгжихгүй байгаагийн гол шалтгаан ч байж мэднэ. Тиймээс бүгдээрээ хэлбэрийн биш, агуулгын хувьд иргэн болж, матаас бичих эрдэмд суралцах аргаар улсаа хөгжүүлэхийг уриалж байна.
Х.Батсайхан
2 comments
urid TOR zasagaa ymar ih hundetgedeg bisn bilee ardchilaliin ner zeelsen hulgaichid Toriin mn ner hundiig unagaagaad zogsohgui ardchilaliin ner hundiig ulandaa devsej oorsdiin erh ashigt ashiglasaar BULSHILlaa
ynendee doroitood ireheeree yynees eereer herhen setgeh be?….ataarhal gedeg chini buyan nygel hoyoriin helhee baisan yum gej eneegiin tenegyyd oilgoh bis dee!haltar zaasnii telee amia egehees byzahgyi bolson tenegyyded mataasaas eereer yaj setgeh be?…ene yjig sanaa chini udamssaar neg medehnee nelenhyid ni hamaarch mataas ylas bolohiig baig gehgyi ee:yu hysne be?yag ter chigeeree boldog yum!arga yadsan ch albin boldoo chi?…..