Аливаа ард түмэн-угсаатны хоол, унд нь тухайн орныхоо байгаль, газар зүй, цаг уур, эрхлэх аж ахуйн үндсэн хэлбэртэй ихээхэн шүтэлцсэн байдаг. Монгол түмний голлох хүнс болсон мах шүүс чанах, идэх, хөндөхөд нарийн ёс заншил хийгээд цээр бий. Тэр нь ахас ихсийг хүндлэх, хүүхэд багачуулыг хайрлах зэрэг хүнд хандсан ёс заншил шингэмэл байх нь түгээмэл.
Ууц тавих ёс
Монголчууд эрт дээр үеэс хурим найр, баяр ёслол, цагаан сараар ууц тавьж, зоог шүүсээ бэлдсээр ирсэн уламжлалтай
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Зочны өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.
Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.
Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
Цээрлэх ёсон:
Богино хавиргыг гийчин зочинд өгдөггүй, хүзүү болон богт чөмгийг дангаар нь таваглаж болохгүй боол харц мэт хүндлээгүй хэрэг болно зэрэг энгийн цээрээс гадна яс мөлжүүртэй орхих нь ховдог хомхой ядуу даржин хүний шинж гэх мэт ѐс олон буй.
Үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно нохой адил муу хүнд тооцогдоно. Мах эвдэх идэх зэрэгт гараар хугалахыг өөрийн нь яс бэртэнэ гэж цээрлэдэг. Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжиж орхих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй хуваалцана, хий юм шүглэнэ гэж цээрлэдэг. Далны яс болон толгойг хазаж зулгааж идэхийг цээрлэдэг. Өстнийхөө толгойг хазаж залгилаа гэх мэт домог үлгэр байдгаас тэр гэнэ.
Шүүс хөндөх ёс
Үхрийн дэлүүг иддэггүй заавал сэвсэнд нь булж хаядаг. Чөмөг ташихдаа тэг дундуур нь хугалдаггүй, тэнэг хүн тэг дундуур нь гэдэг. Чөмгийг хувааж иддэггүй, малын чөмөг дундарна гэнэ. Мах шүүсийг эвдэх хөндөхдөө хутганы ир үзүүрийг хүн лүү зүглүүпдэггүй. Мэслэнэ гэж занасантай адил гэдэг. Хутгыг махан дотор тавихыг ховдог шуналт болно гэж цээрлэнэ.
Мах гэдэс хоѐрыг хамт тавагладаггүй, зочиндоо хайнга муу хандсан санаа гэнэ. Гэдсийг ер нь хүндэтгэлд хэрэглэдэггүй, цус цутгасан зангилааг иддэггүй. Эрүүний яс ташихыг хар хэл ам эзлэнэ гэж цээрлэнэ. Мөн эцгийн ганц хүү залаа чөмөг идэхийг ор ганц явахын цондон гэж цээрлэмүй. Тэрчлэн ямааны мах идээд хүйтэн унд ус уухыг цээрлэдэг нь өөх тос нь ходоодонд царцана, өвчин олно гэх мэт олон ѐс заншил баймуй.
2 comments
тарваганы мах таваглаад тавьсан байна. энэ ямар санааг илэрхийлж байнаа.
Биби санаа гэнэ эцэгтэй ашиглуулана ч гэнэ