Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдрийн 12:05 цагт Зайнаас тандан судлах үндэсний төв Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймрийн голомт илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, тавдугаар сарын 29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулжээ. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин асчээ.
Зургадугаар сарын 2-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон байна. Өнгөрсөн лхагва гаригийн байдлаар, түймрийн тархалт намжмал байдалтай, уугиж байгаа газруудад цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж буй юм байна. Урьдчилсан мэдээллээр, түймэрт 23922 га талбай шатаад байгаа аж.