Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдрүүдэд тус улсад айлчлал хийж байгаа юм. Богино хугацаанд их ажил амжуулсан энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-Япон Улсад хийж буй Монгол Улсын Их Хурлын даргын энэ удаагийн айлчлалын гол зорилго юу байв?
-Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлалууд хийхээр төлөвлөгдсөн бөгөөд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар УИХ-ын дарга М.Энхболд энэ сард Япон Улсад айлчлал хийлээ.
Монгол Улс дээрх ойн арга хэмжээг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэхээр төлөвлөн, нэгдүгээр сараас ажлаа эхлүүлээд байгаа. Харин Япон Улсад бол УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалаар дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа эхэлж байна. Японы тал энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Японы том хотуудад монголын соёлын өдөрлөг, соёл урлагийн тоглолтууд болох юм, мөн залуучуудын чуулга уулзалт болно. Түүнчлэн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, эсвэл Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ манай улсад айлчлахаар төлөвлөөд байна. Мөн тус улсын Гадаад харилцааны сайд Ф.Кишида Монгол Улсад айлчилна.
Энэ удаагийн айлчлал нь парламент хоорондын гэдэг утгаараа хоёр орны хууль тогтоогчид уулзалт хийж, туршлага солилцон, тодорхой чиглэлүүдээр харилцан ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, айлчлалын эхний өдөр Япон Улсын парламент 2017, 2018 оны төсвөө батлаад, үргэлжлүүлэн Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай хууль баталсан. Биднийг тус улсын парламентын үйл ажиллагаатай танилцсан өдөр Нийгмийн даатгалын хуулийн цогц шинэчлэлийн талаар хэлэлцэж эхэлж байлаа. Тиймээс энэ хуулийг хэрхэн боловсруулж, хэлэлцүүлгийн явцад хэрхэн ажиллах, ямар асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа талаар санал солилцон, зөвлөлдөж, сонирхолтой яриа өрнүүлсэн. Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд болж буй уулзалтууд нь хууль тогтоох байгууллагаас гадна төрийн бодлого барьж байгаа байгууллагуудын хувьд хоёр улсын харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын парламентын гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, найрамдлын бүлгийн уулзалтууд болсон.
-Манай улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Засгийн газар санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээр болсон гэсэн.
-УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд бараалхсан, энэ үеэр Ерөнхий сайд Ш.Абэ “Япон Улсын Засгийн газар, ард түмэн Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн хүндрэлээ гэтлэн давахад тусална” гэж хэлсэн. Энэ бол том хэмжээний тусламж. Монгол Улс урьд нь Япон Улсын Засгийн газраас зээл авч байсан, тэдгээрээс төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж авсан 38 сая орчим ам.долларын зээл хамгийн их хэмжээтэй нь байсан юм. Харин тус улсын хувьд төсвийн алдагдал нөхөн зорилгоор улс орнуудад бэлэн мөнгөөр өгч байсан хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээ нь 250 сая ам.доллар байсан юм байна. Харин Монгол Улсыг онцгой түнш, илүү ойр дотно харилцаатай, найз нөхөд гэхээсээ илүү хамаатан садан гэж үздэг учир их хэмжээний зээл олгохоор шийдвэрлэсэн гэдгээ уулзалтын үеэр Японы тал онцлон тэмдэглэж байлаа. Зээлийн хэмжээг Ерөнхий сайд Ш.Абэ өөрөө хэлсэн, хэвлэл мэдээллээр ч нэлээд гарсан байна. Уг зээл хамгийн багадаа 30 жилийн хугацаатай, эхний арван жил ямар нэг төлбөр байхгүй. Урьдчилсан байдлаар зээлийн хүү 1-1.5 хувь байхаар яригдаж байгаа. Япон Улсын Засгийн газрын шийдвэр нь гарчихсан, харин ойрын хугацаанд хоёр орны Сангийн сайд нар хэлэлцээ хийснээр энэхүү зээлийн гэрээг эцэслэх юм.
Хөнгөлөлттэй зээл олгохтой холбоотойгоор Япон Улсын парламент, Засгийн газрын тэргүүнүүдийн тэмдэглэн хэлж буй хоёр зүйл бий. Нэгдүгээрт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын төсөв, санхүүгийн суурь тогтвортой болно гэж үзсэн учир тус улсын Засгийн газар түүхэндээ хамгийн өндөр дүнтэй, хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэн байна. Тиймдээ ч дээрх хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллахаар ярилаа. Хоёрдугаарт, Монгол-Япон улс хооронд харилцан ашигтай, урт хугацааны стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар ажил хэрэгч санал яригдсан. Тодруулбал, монголчууд Японоос хөнгөлөлттэй зээл ч юм уу, ямар нэг тусламж гуйдаг ийм харилцааг биш, хоёр талдаа ашигтай, хамгийн гол нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны шаардлагыг харгалзаж үзсэн хөрөнгө оруулалт, худалдаа эрхлэх талаар санал тавьж байна. Бид ч гэсэн ийм санал, хүсэлттэй байгаа.
Юуны өмнө манай талаас эмч, багш, эрдэмтэн, судлаач, инженер гээд нарийн мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчдаа бэлтгэх асуудал, мөн мэргэжилтэй ажилтнуудаа тус улсын хөдөлмөрийн зах зээл дээр дадлагажуулахад анхаарч байгаагаа дуулгасан. Нөгөөтэйгүүр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд түлхүү анхаарах нь зүйтэй гэдэг дээр санал нэгтэй байлаа. Монгол Улс мал аж ахуйн орон учраас энэ салбарын бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээл рүү гаргах, харин үүн дээр Япон Улсын зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцсон. Малын эрүүл ахуй, хорио цээрийн асуудал төдийгүй бараа бүтээгдэхүүний чанар, сав, баглаа боодол зэрэг бүх талаар тус улсаас дэмжлэг авах боломжтой талаар ярилцаж, хөдөө аж ахуй болон малын гаралтай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн тусгай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохирсон байгаа.
Өөр нэг чухал асуудал бол Монголын нүүрсийг Японы цэвэр технологиор боловсруулж, шинэ бүтээгдэхүүнүүд гаргах судалгааны ажлыг эхлүүлэх талаар хийсэн яриа байлаа. Ерөнхий сайд Ш.Абэ 2015 онд өөрөө энэ санаачилгыг гаргаж байсан юм. Хоёр тал хамтран хэд хэдэн удаа судалгааны ажил явуулж нэлээн урагшилсан. Монгол нүүрсээс химийн бүтээгдэхүүн, нийлэг хий гаргах, цаашлаад нийлэг хийгээсээ шатахуун, ахуйн хий гаргах зэрэг манай улсын байгаль орчинд ашигтай, утаа багасгах, шатахууны дутагдлыг нөхөх стратегийн ач холбогдолтой том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцсан. Энэ бол стратегийн ач холбогдол бүхий чухал төсөл гэдэг дээр хоёр тал санал нэгдэн, ойрын жилүүдэд бодит ажил хэрэг болгох шаардлагатай хэмээн үзэж хэрэгжүүлэхээр тохирсон.
-Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн энэ удаагийн айлчлал өндөр үр дүнтэй байлаа гэж үзэж болох нь ээ?
-Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг Япон Улсад тэмдэглэх арга хэмжээний нээлтийг хийлээ. Япон Улсын парламентын удирдлагууд болон Засгийн газрын тэргүүнтэй уулзсан. Улс орны өмнө тулгамдаад буй эдийн засаг, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх эээл тусламжийн асуудлыг эцэслэн тохиролцлоо. Мөн хоёр улсын хооронд 2017-2021 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжих стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн гол гол чиглэлүүдээ тодорхойлсон. Төлөвлөсөн зорилтуудаа амжилттай биелүүлсний сацуу бизнесийн түншүүд, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны гол түлхүүр, түлхэц болж явдаг төрийн бус олон байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Бүхий л арга хэмжээг нэгтгэж дүгнэхэд УИХ-ын даргын айлчлал бүхэлдээ амжилттай боллоо.