Айлууд зусландаа гарч, хүмүүс хөдөө гадаа аялал зугаалгаар явдаг урин дэлгэр цаг хэдийнэ хаяанд иржээ. Дээхнэ үед хөдөө явах, эсвэл зусланд гарах гэж бөөн нүүдэл суудал болдог байж билээ. Хөргөгч, зурагтаас эхлээд, хүүхдүүдийнхээ дулаан хувцас энэ тэр гээд бараг л гэрээ нүүлгэх шахаж, ачааны машин дүүрэн “новш”-той явдаг байв.
Харин сүүлийн үед хүмүүс зурагт, хөргөгч зэрэг овортой зүйлээ нааш цааш нь зөөхөө больсон. Гэсэн ч сандал, ширээ, шанага, тогоо гэсээр бас л “хөөрхөн” ачаатай явдаг хэвээр. Тэгвэл үүнийг шийдэх олон шинэлэг санаануудын талаар интернет “багшаас” сурах зүйл их байна.
Жишээ нь, Түр хэрэглэх ширээ сандлыг гар доорх материалаар хийчихвэл ачаа хөнгөрөхийн зэрэгцээ мөнгөнд ч хэмнэлттэй. Мөн уусан ундаа, усныхаа савыг хаяж, хог тарихгүй давхар давхар давуу талтай. Ундааны хаягдал хуванцар сав болон хатуу цаасан хайрцаг байхад л ийм хөөрхөн эд хогшилтой болно. Бүр гэртээ хийгээд тавьсан ч болохоор юм байна.
Хөдөө явах сайхан. Гэхдээ хээрийн “жорлон”-д ичиж, зовон бие засах шиг хэцүү зүйл байхгүй билээ. Ялангуяа охид, эмэгтэйчүүдэд. Бага байхад аав минь энэ асуудлыг сүрхий зохицуулдаг байж билээ. Биднийг айлгаж, ичээхгүй тайван бие засуулахын тулд эхлээд нүх ухаж бэлтгэнэ. “Хээрийн нэмэгдэл” буюу өвч хатгахгүй гэж тэр. Дараа нь бас ялгадсыг булах зорилготой.
Үүний дараа биднийгээ том даавуугаар халхалж зогсоод, бие засуулдаг сан. Орчин цагт юмс харьцангүй боловсон аргаар хээрийн жорлонг шийдэх боломж өчнөөн болжээ. Зориулалтын хэрэгсэл ч олон янзаараа бий болж. Хувин дээр уут углаад зөөвлөгчөөр жиргэлэхэд л цэвэрхэн, амархан жорлон бүтээхчихнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин