Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайд В.В.Макейн урилгаар энэ сарын 3-6-нд тус улсад айлчилж байна. Хоёр орны Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийжээ.
Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжин өндөр, дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэхүү харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын тулд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, зам тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд найрамдах Беларусь улсын Хууль зүйн сайд О.Л.Слижевский нар Засгийн газар хооронд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна.